БНСУ дахь "Гэрээний залуусын нэгдэл" ТББ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа "Гэрээний залуусын нэгдэл" ТББ-ын тэргүүн Ж.Мөнхжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайлбал хөдөлмөрийн гэрээт иргэдтэй зүүм уулзалт хамтран зохион байгуулах, БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж буй залуусын дунд спорт, соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулж залуусын идэвхтэй амьдралыг дэмжих, "Гэрээний залуусын нэгдэл" ТББ-аас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд хамтран ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр ярилцав.
Мөн тус ТББ-ын тэргүүн Ж.Мөнхжаргал нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар төвийн сэтгэл зүйчтэй сар бүр тогтмол ярилцлага хийж Төрийн бус байгууллагынхаа хөтөлдөг сувгуудаар иргэдэд хүргэж байхаар боллоо.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь өнгөрсөн хугацаанд "Гэрээний залуусын нэгдэл" ТББ-аас зохион байгуулдаг "Гэрээт залуусын анхдугаар чуулга уулзалт", "Гэрээний залуусын сагсны тэмцээн", "Солонгос улсад ажил эрхлэгч залуусын уулзалт" зэрэг олон арга хэмжээг дэмжин ажиллаж, холбогдох сэдвүүдээр илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх, оролцогчдод төрийн байгууллагын чиг үүргийн дагуу үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.