Эмүжин: Шүдгүй арслан чинь араа шүдтэй аймшгийн амьтан болж хувирсан

Түүний сүүдэр дэндүү урт.
Хоёр алхалгүй баригддаг, хуучин шонгийн мод зардаг худ, хэдэн саяын цүнх найз бүсгүйдээ бэлэглэдэг 20 настай хүү...за энэ яах вэээ, нэг шуугиан гарахад л нэлээн хол хаягдана. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайдаар зургаан жил суулаа. Монгол Улсын Үндсэн хуульд хийсэн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл хаан заан болсон, нөгөө шүдгүй арслан чинь араа шүдтэй аймшгийн амьтан болж хувирсан. Араагаа нэг харуулаад, амандаа нэг тамшаалахад үг хэлдэг нь үтэр хол шидүүлж, үглээ зарим нь цахим гав зүүнэ. Гол нь энэ хүн маань албанаасаа буух зориггүй, ах аа намайг авраарай болоод л 15 давхраас эхлээд айл айлын хаалга сахиад гүйчихнэ. Намын дарга болсноосоо хойш Бага хурлаа хуралдуулахаа байсан, МАН үндсэндээ Оюун-Эрдэнийн илүү гэр, үүдний амбаар болж хувирсан, улстөрийн хүчнийхээ хувьд уруудах замаар жирийлгэж байгаа приус л гэж мэд. Гоё юм бол их ярина, голгүй хулхидна. Гэвч өнөөдөр Монгол Улс хөрөнгө оруулалтгүй мега төслүүдтэй, бүрддэггүй төсөвтэй, хааяа 100 цаас хялайлгадаг Баялгийн сан нэртэй баахан ашиг сонирхлын бөөгнөрөлтэй, төгрөгийн ханш түрийвчнээс түрийнд унасан, долларын ханш долоон бурхан зүгтээ ниссэн, хувийн хэвшлийнхэн татварт дарлуулж, үндэсний үйлдвэрлэгчид үүдээ барьсан, түмэн олон нь төрөө хялайж харсан, төр нь занхайж томроод, гүзээгээ давж харахаа байсан...за нэг иймэрхүү хаяа хатавчаар нь салхи үлээж, хаалга үүдээр нь жавар сийгсэн улс л үлдэж байна даа. Баталсан мега төслүүдээ баллуурдах алдаа олон гаргасан, гадныхан байтугай үндэсний томчууд маань хөрөнгө оруулалт хийхээс айгаад зугтдаг болсон. Эдийн засгийн бодлого гэж байхгүй, бүр түүнийгээ ойлгохгүй. Бүх алхам нь зөвхөн рекламын сэдэлтэй, одоо гэхэд бүс бүсээр нь хуралдаж байгаа нэртэй зуу зуун саяар нь үрээд, хөдөө орон нутгийнхныг чирэгдүүлээд, өөрийгөө сурталчлаад өөд уруугүй гүйж явна. Үр дүн хаана байна, үүнээс цааш яаж шоудах вэ? Одоо удвал бүр үүнээс ч илүү унана, шаварт шанаандаа тултал шигдэж, намагт намгүй болтлоо живнэ. Дээр нь маш хорлонтой, нэг танхимын сайд нарыгаа ахдаа ховлож байгаад сошиалаар салам нүдүүлнэ, өөрийнх нь рейтинг унаад эхлэнгүүт өрөөлийнхийг зэрэгцүүлээд унагаах акц хийнэ, сайд, гишүүдийнхээ хооронд яс хаяна. Танхимаараа сууж байгаад гаргасан шийдвэрүүдээ танхимын сайд нартаа үүрүүлж бүллидүүлээд, өөрөө өөгүй цэвэр, алдаагүй ариун үлдэх гэж үхэхээс бусдыг хийнэ, хийлгэнэ. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн нүүрэн дээр Монголын төр юу ч биш, Монголын улстөрчид хэн ч биш, түмний тархи төрсөн ахынх нь гарт, олны олгой татварын шавхруу болсон. Энэ хүн эрт орой алин боловч явна, эвдэрсэн тогтолцоо, эвдрэлцсэн улс, элэгдүүлсэн төр өндийтлөө өчнөөн хугацаа алдана. Оюун-Эрдэнийн сүүдэр урт бөгөөд хуурамч, нар үзтэлээ салбар болгон удаан гүрийнэ, салж унатлаа зүтгэнэ, эдийн засаг эргээд бостлоо элэгдсэн замаар бэдэрнэ, бид бие биедээ итгэдэг болтлоо бүүр нэгэн үеийг барна, 80-аад оныхноос ард түмэн нэг хэсэгтээ зугтана. Бүр PR нь хүртэл 30 жил идсэн луйварчдын хажууд гуравхан жил идэж байгаа юм, зайлуул хөөрхийдөө тулна...ийм л юм, гунигтай!
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.