БНСУ-ын сургуулиудад хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хоригложээ

БНСУ-ын  сургуулиудад хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хоригложээ

Өмнөд Солонгосын сургуулиудад хичээлийн цагаар гар утас, ухаалаг төхөөрөмжүүд ашиглахыг хориглосон хуулийн төслийг баталжээ. Ингэснээр хүүхэд, өсвөр үеийнхний гар утасны хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан ээлжит улс боллоо.

Ирэх хичээлийн жилээс буюу 2026 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх энэхүү хууль нь ухаалаг гар утсанд донтох үзэгдлийг таслан зогсооход чиглэсэн хоёр намын хүчин чармайлтын үр дүн юм. 

Ухаалаг гар утасны хэрэглээ нь сурагчдын сурлагын амжилтад нөлөөлж, суралцахад зарцуулах цаг хугацааг хий дэмий үрэхэд нөлөөлж байна гэж хууль тогтоогчид, эцэг эх, багш нар үзэж байна. Гэхдээ энэхүү хориг нь хэрхэн хэрэгжих, ямар үр нөлөө үзүүлэх, донтолтын үндсэн шалтгааныг шийдэж чадах эсэхэд эргэлзэх хүмүүс цөөнгүй байна.  

Уг хуулийн төслийг лхагва гаргийн үдээс хойш болсон санал хураалтад оролцсон 163 гишүүний 115 нь дэмжсэнээр баталжээ.

Өмнөд Солонгосын ихэнх сургууль ухаалаг гар утасны хоригийг хэдийн хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн дэлхийн олон оронд үүнтэй төстэй шийдвэрийг гаргасаар байгаа билээ. 
Тухайлбал, Финланд, Франц зэрэг зарим улсад гар утсыг тодорхой нөхцөлүүдэд, ялангуяа бага сургуулиудад хэрэглэхийг хоригложээ. Мөн  Итали, Нидерланд, Хятадад мөн утасны хэрэглээг бүх шатны сургуульд хязгаарласан байна.

Гэхдээ Өмнөд Солонгос бол ийм хоригийг хуульчилсан цөөхөн орны нэг болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.