Ерөнхийлөгч наадмын өмнө Э.Оюунболдын цолыг хураахгүй

Ерөнхийлөгч наадмын өмнө Э.Оюунболдын цолыг хураахгүй

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зургаадугаар сарын 17-нд аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хэлэлцээд, Э.Оюунболдын цол, чимгийг хураах шийдвэр гаргаж, түүнийг 2019 оны үндэсний их баяр наадмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзсэн билээ.

Хуулийн дагуу бөхчүүдийн допингтой холбоотой маргаан, тэдний цолыг хураах эсэх асуудалд эцсийн цэгийг Ерөнхийлөгч тавьдаг. Тийм ч учраас баяр наадам болохоос өмнө Шүүхийн шийдвэр, Баяр наадмын зохион байгуулах хорооноос гаргасан Э.Оюунболдын цол хурааж, барилдах эрхийг хасах эсэх эцсийн шийдвэр албажин гарах болов уу гэсэн хүлээлт наадамчин олонд бий.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр бол Ерөнхийлөгч наадмын өмнө Э.Оюунболдын цолыг хураах зарлиг буулгахгүй байхаар шийджээ. Нэг үгээр бол гурван шатны шүүхийн шийдвэр эцэслэгдтэл, эсвэл Э.Оюунболд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдахгүйгээр шийдсэн тохиолдолд нэг мөр зарлиг гаргах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа бололтой.

Харин наадамд барилдуулахгүй байх, барилдах эрхийг хасах, хязгаарлах зэрэг нь Баяр наадмын зохион байгуулах хороо, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны эрх, үүргийн хэмжээнд шийдэх асуудал тул МҮБХ допингийн асуудалд нэр холбогдсон аваргыг энэ жилийн үндэсний их баяр наадам, бусад заал, танхимын барилдаанд барилдуулахгүй гэсэн байр суурь барьж байгаа хэвээр байгаа аж. Тэгэхээр Ерөнхийлөгч аваргын цолыг хураах, өнгөрсөн жилийн наадамд түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг ахиулах зарлиг гаргахгүй болохоор энэ жилийн наадамд тэдгээр “хохирогч” бөхчүүд өмнөх цол гуншинтайгаа зодоглосон гэсэн үг.

Дашрамд, Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааны шүүхийн шийдвэрийг эргэн сануулъя.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн үед “Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хянан хэлэлцэв. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж, “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ” хэмээн гаргасан шийдвэрээ танилцуулсан байдаг.

Э.Оюунболд аварга энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаа долдугаар сарын 1-нээр дуусгавар болсон.

Харин Э.Оюунболд аварга анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж, зургаадугаар сарын 30-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, хүргүүлжээ. 

Сануулахад, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн. Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шаардлага гаргасны дагуу 2020 оны нэгдүгээр сард эл асуудалд хэрэг үүсгэсэн юм.  

Өнгөрсөн хугацаанд болсон шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр нэг ч удаа оролцоогүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж байсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.