Ж.Эрдэнэбат нарт ял оногдуулах Шүүх хурлыг 2020.07.06-нд товлолоо

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарыг шүүх хурал өнөөдөр /2020.07.03/ хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүх хуралдаан 22:00 цагт өндөрлөлөө.
Дөнгөж сая буюу 23:00 цагт шүүх шийдвэрээ танилцуулав.
Ингэхдээ "Гэм буруугийн шүүх хуралдаанаар С.Мандахбатыг гэм буруугүй гэж үзэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагаас товлон зарлалаа" гэсэн товч мэдээлэл өглөө.
Тэгэхээр шүүгдэгч нарт хамаарах шүүх хурлын тогтоолыг долдугаар сарын 6-нд танилцуулахаар болж байна.
Яг одоо Ж.Эрдэнэбат нарыг хорих 461-р анги руу үргэлжлүүлэн саатуулахаар авч явж байна.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй төдийгүй шүүгчээс татгалзсан хүсэлтийг нь ч хүлээж авахаас татгалзсан юм.
Шүүхийн албан мэдээ: Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020.07.06-ны өдрийн 09:00 цагт товлолоо.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сануулахад, шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3 (Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.