Эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд шагнал гардлаа

Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад /2020.07.03/ шагнал гардуулав.
Тагнуулын ерөнхий газраас ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд 2 дахь жилдээ зохион байгуулсан уг уралдааныг улсын хэмжээнд цар тахлын хорио цээрийн дэглэм үйлчилж байгаатай холбогдуулан цахим хэлбэрээр явуулав. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 200 гаруй сургуулийн 355 сурагч бүтээлээ ирүүлжээ. Тэдний бүтээлийг уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу Зохион байгуулах комисс шалгаруулж, байр эзлүүлсэн байна.
Орчин цагийн Тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 98 жилийн ойн баяр болон, “Тагнуулын ажилтны өдөр”-ийн тохиолдуулан уралдаанд амжилттай оролцож шагналт байрт шалгарсан сурагчдыг танилцуулж байна. Тусгай шагналыг Консерваторийн 12 а ангийн сурагч Э.Дөлгөөн, Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн 12 б ангийн сурагч Э.Эрдэнэбат тус тус хүртсэн бол III байрт Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуулийн 11 в ангийн сурагч Ж.Өлзийжаргал, II байрт “Логарифм” дунд сургуулийн 12 а ангийн сурагч Д.Мандах-Од нар шалгарлаа.
Харин тэргүүн байрыг Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 е ангийн сурагч А.Амаржин эзэлжээ. Энэхүү шагналыг Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ, Үндэсний тагнуулын академийн захирал, хурандаа Г.Батжаргал нар сурагчдад гардуулж, баяр хүргэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.