Чуулган: С.Ганбаатар миний амь нас аюулд орж мэдэх юм

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанд 60 гишүүн оролцож, Засгийн газрын бүтцийг хэлэлцлээ. Өчигдөр уг асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Өчигдөр орой чуулганы хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, төслийг бэлтгээд өнөөдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна.
Уг асуудлыг хэлэлцэх явцад ганцхан С.Ганбаатар гишүүн асуулт асуусан ба Оюутолгойтой холбоотой Монгол Улсын эрх ашгийг хамгаалах асуудлыг анхааралдаа авахыг сануулсан юм. Мөн Оюутолгойн асуудлаар дуугарсан хүний амь нас аюулд орж мэдэх юм хэмээн санууллаа.
Оюутолгойтой холбоотой Монгол Улсын эрх ашгийг хамгаалах асуудлаар ажлын хэсэг томилогдсон ба ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа аж. Тэрбээр "Дубайн гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцээгүй хэлэлцээр болсон. Дубайн гэрээн дээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулахгүйгээр долоон асуудалд буулт хийсэн байдаг. Харамсалтай нь энэ хэлэлцээрийг шууд цуцлах гэхээр дэлхийн хэмжээний 23 томоохон компани хөрөнгө оруулсан байна. Эрх зүйн маргаантай асуудал гарах учраас ажлын хэсэг ажиллаад явж байгаа" гэдэг хариултыг өглөө.
Сануулахад спортын салбарыг Ерөнхий сайдын мэдэлд оруулж байгаа ба Биен тамир спортын улсын хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах аж.
Засгийн газар нь:
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Батлан хамгаалах яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
- Барилга, хот байгуулалтын яам
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Соёлын яам
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам гэсэн Чиглэлийн; нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 сайдтай байх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.