Улсын наадамд эрлийз морьдыг уралдуулахаар боллоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадамд эрлийз морьдыг уралдуулахаар боллоо.
Энэ талаар өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар болон Монголын хүүхдийн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албаны хүн мэдээлэл өгөв.
Дэлхий дахинаа дэгдээд буй “Covid-19” цар тахлын улмаас энэ жилийн улсын баяр наадмаар эрлийз морьдыг уралдуулахгүй байх захирамж гаргаад байсан билээ.
Гэвч ММСУХ-ны удирдлагууд болон уяачид Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын шадар сайд Я.Содбаатарт хүсэлт гаргасны дагуу зөвшөөрчээ.
Ийнхүү улсын баяр наадам маргааш 07:00 цагт хязаалан насны морьдын уралдаанаар эхлэх гэж байна. Харин 12:00-12:30 цагийн хооронд эрлийз дунд нас, 15:00 цагаас шүдлэн насны морьдын уралдаанаар өндөрлөнө.
Харин 11-нд азарга, их нас, эрлийз дээд насны, морьдыг, 12-нд соёолон, даага, эрлийз бага насны морьдыг уралдуулахаар тогтлоо.
Мөн наадмын хамгийн сүүлчийн өдөр буюу 12-нд бүх насанд түрүүлж, айрагдсан морьдыг Хүйн долоон худагт цоллох юм байна.
Монгол, эрлийз адууг ялгаж уралдуулахын тухайд үйлдвэрлэг байдал, сэрвээний өндрөөр хэмжих аж.
Нас тус бүрийн морьдын уралдах зайг тодруулбал, азарга, соёолонг 23, их насыг 25, хязааланг 17, шүдлэнг 14, даагыг 11, эрлийз дээд насыг 23, дунд насыг 17, бага насыг 11 км-ээс уралдуулахаар баталсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.