Зургаан сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадууд тэтгэврээ бүрэн авч эхэллээ
Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх арга хэмжээ хэрэгжиж, тэтгэвэр авагчид ам сайтай байна. Тус хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын дарга Д.Зоригтоос тодрууллаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэх ажил хэрэгжиж эхэлсэн үү?
-Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль УИХ-аар батлагдан мөрдөгдөж эхлээд байна. Тус хуулийн үйлчлэлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэд хамаарна. Тэдний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа хариуцан төлөх юм. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийгмийн даатгалын байгуулага нь арилжааны банкуудаас зээлтэй иргэдийн судалгааг авч, нийгмийн даатгалын мэдээллийн сантай тулгасны үндсэн дээр хуулийн үйлчлэлд хамаарах иргэдийн судалгааг гаргасан. Одоогийн байдлаар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлтэй иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврээс суутгаж авсан зээлийн үндсэн төлбөрийг буцааж олгуулаад байна. Мөн хоёрдугаар сарын тэтгэврээс зээл, зээлийн хүү суутгалгүй бүрэн олгосон.
-Хуулийн үйлчлэлд хамаарах гэдгийг тодруулахгүй юу?
-Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй Монгол Улсын иргэн хамаарна. Түүнчлэн нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдах юм. Харин тэтгэвэр авагч уг өдрөөс өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
-Тэтгэврийн зээлийг тэглэхдээ тодорхой нөхцөлүүдийг тавьж байгаа юм байна лээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм. Иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлавал, нэгдүгээрт зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл авсан бол зээлийг нэг удаа бүрэн тэглэнэ. Хоёрдугаарт, зургаан саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө. Гуравдугаарт, нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн зөрүүнд бондын эрхийн бичиг олгоно. Дөрөвдүгээрт, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг олгохоор тус тус зохицуулсан.
-Танай байгууллага судалгаа тооцоолол хийсэн гэлээ. Тэгвэл дээрх нөхцөлүүдэд тус бүр хэчнээн хүн хамрагдах нь тодорхой болсон байх?
-Банкуудтай тооцоо нийлсэн дүнгээс үзэхэд нийтдээ 228.7 мянган иргэн 757.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Үүнээс зургаан саяас дээш хэмжээний тэтгэврийн зээлтэй 21 мянган иргэн, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй 207.5 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн зээлийг тэглэхэд нийт 696 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Харин огт зээлгүй 194 мянган тэтгэвэр авагч байгаа.
-Зээлийн үлдэгдэлтэй байгаа хүмүүс хаана хандах вэ. Эсрэгээрээ огт зээлгүй байсан хүмүүс бондын эрхийн бичгээ хаанаас авах вэ?
-Манай байгууллагаас дээрх тооцооллыг “Эрдэнэс Монгол” ХХК руу хүргүүлэхээр бэлтгэж байна. Үүнд үндэслэж тус компаниас үнэт цаас гарган, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлэх ба иргэдэд түгээх ажлыг манай байгууллага хариуцах юм. Харин зээлийн үлдэгдэлтэй буюу зургаан саяас дээш тэтгэврийн зээлтэй байсан иргэд үйлчлүүлдэг банкан дээрээ очиж гэрээгээ шинэчлэх шаардлагатай.
-Ярилцлагын төгсгөлд тэтгэврийн нэмэгдлийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-“Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн хүрээнд БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан дөрвөн төрлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Харин энэ сард нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүллээ. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянгаар нэмэгдүүлж 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг, дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн 500 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш бол 25 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу сүүлийн гурван жилд бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмэгдүүлээд байна. Тэтгэврийн зээлийн хүүг тэглэсэн болон тэтгэврий нэмэгдлийн талаар иргэдээс байр суурийг нь сонирхлоо.
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны тэтгэвэр авагч Д.Нэргүй:
-Тэтгэврийн зээл тэглэгдсэнд баяртай байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж авсан зээлийг төр засаг маань тэглэж өглөө. Нэгдүгээр сард тэтгэврийн зээл суутгасныг буцааж олгосон, хоёрдугаар сарын тэтгэврээс зээл суутгалгүй бүрэн олголоо. Зээлээ төлүүлээд дээр нь бүр нэмэгдсэн хэмжээгээр тэтгэвэр авлаа шүү дээ. Миний тэтгэвэр 30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны тэтгэвэр авагч И.Лхамсүрэн:
-Төрөөс бидний тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаад талархаж байна. Тэтгэвэр сүүлийн гурван жилд нийтдээ 40 шахам хувиар нэмэгдсэн гэж Нийгмийн даатгалын газраас мэдээлж байна лээ. Бас тэтгэврийн зээлийг тэглэж ахмад настнуудынхаа амьдралын баталгааг хангахад анхаарч байгаад баяртай байна.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны тэтгэвэр авагч И.Цэрэндэжи
-Тэтгэвэр маань нэг дор давхар нэмэгдэж их баяртай байна. Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, 50 мянгаар нэмэгдсэн. Сая нийт иргэдийн тэтгэврийн нэмэгдлээр дахиад 30 мянгаар, ингээд нийтдээ 80 мянган төгрөгөөр тэтгэвэр маань өслөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.