Сонгуулийн товыг хойшлуулах шийдвэрээ эргэн харахыг Хонконгт уриалжээ

Сонгуулийн товыг хойшлуулах шийдвэрээ эргэн харахыг Хонконгт уриалжээ

Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулах тухай шийдвэрээ эргэн харахыг Европын холбоо Хонконгийн эрх баригчдад уриалж байна. Энэ тухай ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ.

“Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулахыг санал болгосон нь ардчиллын статусыг сэргээхэд нь саад учруулах, Хонконгийн үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан эрх, эрх чөлөөгөө эдлэх үйл явцад эргэлзээ төрүүлнэ. Хонконгийн иргэний болон улс төрийн эрхийг хамгаалах нь “нэг улс хоёр систем” зарчмын гол хэсэг юм. Шийдвэрээ эргэн харахыг Хонконгийн эрх баригчдад уриалж байна” хэмээн Боррель онцлон тэмдэглэжээ.

Цар тахлын нөхцөл байдал огцом дордож буйтай холбогдуулан 9 дүгээр сарын 6-нд хийхээр товлоод байсан Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулахаар болсон тухай БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Лам өмнө нь мэдэгдсэн юм. Хонконгийн хууль тогтоох зөвлөл нь 70 депутатаас бүрдсэн нэг танхимтай парламент юм.

Хонконгийн сөрөг хүчнийхэн сонгуулийн товыг хойшлуулах нь тэдний боломжийг бууруулна гэж үзэж, энэ санааг эсэргүүцжээ. Тэд парламентыг хянаж, Хятадын талыг баримталсан аливаа хууль тогтоомжид хориг тавих боломжтой болохын тулд парламентын суудалд тал хувийг нь эзэлнэ гэж тооцоолсон байна. Өнгөрсөн пүрэв гарагт сонгуулийн комисс “эх оронч үзэлгүй” гэх 12 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Тэдний дунд Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдагчдын нэг, хэт давруу үзэлт залуучуудын хөдөлгөөний идэвхтэн Жошуа Вонгу багтаж байсан аж. 

Сүүлийн өдрүүдэд Хонконгт халдварт өвчний нөхцөл байдал илт муудаж, өдөр бүр коронавирусний халдварын зуу гаруй шинэ тохиолдол илэрсээр байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.