Ким Жон Ун хөл хорионд орсон Кесон хотын иргэдэд тусламж үзүүлэхийг үүрэг болголоо
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрчний намынхаа гүйцэтгэх бодлогын зөвлөлийг хуралдуулж, коронавирусний улмаас хөл хорио тогтоогоод байсан Кесон хотын иргэддээ тусгай тусламж үзүүлэхийг үүрэг болгожээ. Энэ тухай тус улсын Хөдөлмөрчний намын "Родон Синмун" сонинд пүрэв гарагийн өглөө, гүйцэтгэх бодлогын зөвлөл нь лхагва гарагт хуралдсан гэж мэдээлсэн байна.
Энэ үеэр Ким Жон Ун Кесон хотын нөхцөл байдлын мэдээлэл аваад, оршин суугчдад нь ахуй амьдралаа хэвийн байлгахад нь дэмжлэг болохын тулд хүнс, мөнгөөр туслахыг үүрэг болгожээ. Өнгөрөгч долоодугаар сарын 26-ын өдөр Умард Солонгосын төрийн хэвлэлээр Өмнөд Солонгос руу дүрвэж зугтсан 1 хүн хууль бусаар Кесонд буцаж ирэхдээ коронавирустэй байсан гэж мэдээлсэн. Ингээд тус улс баруун өмнөд хилийн энэ хотдоо хөл хорио тогтоож, дээд хэмжээний онц байдал зарлаад байсан юм.
Харин лхагва гарагт болсон Умард Солонгосын Хөдөлмөрчний намын гүйцэтгэх бодлогын зөвлөлийн хурлаар хотын иргэдэд тусламж үзүүлэх шийдвэр гарснаас гадна албаныхан намдаа нэгэн шинэ хэлтэс байгуулж, боловсон хүчний тогтолцоог эрс сайжруулах арга замуудыг хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.