Коронавирус Монголын төсөвт дарамт учруулж эхэллээ

Коронавирус Монголын төсөвт дарамт учруулж эхэллээ

Өмнөд хөршид голомтолсон шинэ төрлийн коронавирус Монголын нийгэм, эдийн засагт багагүй уршиг тарьж мэдэхээр нөхцөл байдалтай болж ирлээ. Хэдийгээр коронавирусийн халдвар хил даван орж ирсэн нь тогтоогдоогүй ч худалдааны гол түнш орон Хятадтай хийх худалдаанд муугаар нөлөөлж эхэлсэн болохыг Гаалийн ерөнхий газрын мэдээнд дурдаж эхлэв. Өнгөрсөн нэгдүгээр сарын дүнгээр Монгол Улсын экспорт 24.4 хувиар буюу 148.3 сая ам.доллараар буурчээ. Сүүлийн найман жилийн гадаад худалдааны статистик үзүүлэлтээс авч үзэхэд, эдийн засгийн хямралын үе буюу 2016 онд экспорт 29.3 хувиар буурсан дүнтэй гарч байсан аж. Ийнхүү эерэг хүлээлттэй байсан гадаад худалдаа уул уурхайн түүхий эдийн экспортод суурилдаг Монгол Улсын төсөвт дам нөлөөгөө үзүүлж эхэллээ. 

УИХ-аас энэ  оны төсвийг хэт өөдрөг дүр зурагтай харж баталсан бөгөөд уул уурхайн салбараас 3.2 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцсон. Засгийн газраас хэрэгжүүлж буй гааль, татварын шинэчлэл болон экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн  үр дүнд уул уурхайн салбарын орлогыг 2019 оны батлагдсан дүнгээс 194.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Орлогыг ингэж нэмэгдүүлэн тооцоход олон улсын байгууллагуудаас гаргасан  нүүрс, зэсийн үнийн төлөв голлон нөлөөлсөн гэдгийг албаны эх сурвалжууд тодотгож байгаа. Гэвч шинэ он гарахтай зэрэгцэн шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийг савлуулаад зогсохгүй уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгч БНХАУ-ийн эрэлтийг бууруулаад байна. Зарим эх сурвалжууд БНХАУ-ийн зах зээлээс үүдэлтэй энэхүү үнийн савлагааг маш ноцтой хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулж байгаа бол түр зуурын шинжтэй хэмээн харж тайлбарлах шинжээчид ч бий. Гэхдээ шинэ төрлийн вирусийн тархалтыг харахад, SARS-ийн улмаас нас барсан хүний тоог хэдийнэ давж, олон улсын байгууллагууд онц байдлын хэмжээнд сэрэмжлүүлэг өгч эхэлсэн. Тархалтын оргил үе нь ирэх дөрөвдүгээр сарын сүүлч байх магадлалыг дэвшүүлж буй. Иймд манай бодлого тодорхойлогчдын хувьд ч үүнтэй уялдсан, үнийн цохилтоос сэргийлсэн арга хэмжээ төлөвлөж эхлэхэд буруудахгүй аж.   

Нэгдүгээрт, нүүрсний экспортын эрсдэл үүсэж болзошгүй. Дээрх дурдсанчлан гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийг төсөвтөө төвлөрүүлэхээр ажиллаж байгаа. Боловсруулаагүй коксжих нүүрснийг нэг тонныг нь 75 ам.доллараар, боловсруулсан бол 125 ам.долларын ханштай байхаар тусгасан. Коронавирусийн тархалтаас үүдэн нүүрсний зах зээл дээр тийм ч өндөр үнийн савлагаа үүсээгүй. Харин урд хөрш татан авалтаа 10 дахин бууруулсан болохыг эх сурвалжууд хэлж байна. “Монгол нүүрс ассиоцац”-ын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Шинэ коронавирусээс үүдэлтэй хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын улмаас Хятадын худалдан авагч нар нүүрсээ татан авч чадахгүй байна. Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар өдөрт экспортолж байгаа нүүрсний хэмжээ хэвийн үеийнхээс бараг 10 дахин бага байна. Гашуунсухайтын боомтоор өдөртөө 100 гаран, Шивээхүрэнгийн боомтоор 80 орчим машин гарч байна. Монгол Улс I улирлын нүүрсний экспортын орлогоо үндсэндээ алдах төлөвтэй байна. Хятадын дотоодын уурхайнууд ч бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Үүний улмаас кокс, гангийн үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц багасаж, хүчин чадлаа бууруулж, үнээ бага зэрэг нэмэх хандлага байна. Энэ бол түр зуурын үзэгдэл. Хэрэв вирусийн дэгдэлт саарч, Хятадын дотоод байдал дээрдвэл дөрөвдүгээр сараас нүүрсний эрэлт эрс нэмэгдэж, экспорт сэргэх магадлалтай. Үүнд монголчууд бэлэн байж, хил гаалийн ажиллах цагаа уртасгаж чадвал  алдагдлаа нөхөх боломж нээгдэж болзошгүй. Хэрэв вирусийн дэгдэлт цаашид үргэлжилсээр байвал Хятадын барилга дэд бүтцийн бүтээн байгуулалт удааширч, гангийн хэрэглээ буурч, коксжих нүүрсний эрэлт суларна. Гадаадаас орж ирдэг орлогын хамгийн том хэсгийг бүрдүүлдэг нүүрсний экспорт унавал Монгол Улсад төсвийн орлого дутаж, цалин тэтгэвэр олгоход хүнд болж, инфляц өсөх эрсдэл нүүрлэнэ. Монгол Улс вирусийн тархалтаас нийгмийн эрүүл мэндийг хамгаалах төлөвлөгөөнөөс гадна эдийн засгаа хохирол багатайгаар авч гарах арга хэмжээний хөтөлбөр боловсруулах хэрэгтэй болох нь” хэмээн анхааруулжээ. Нүүрсний экспорт ерөнхийдөө ийм дүр зурагтай байна.

Тэгвэл Монгол Улсын төсөвт нүүрстэй дүйцэх орлого оруулдаг түүхий эд бол зэсийн баяжмал. Нэгдүгээр сард олон улсын биржид нэг тонн зэсийн үнэ 6077-6300 ам.долларын түвшинд хадгалагдаж байсан. Харин өвчний мэдээ албан ёсоор гарсан нэгдүгээр сарын 21-нээс эхлэн ханш нь тасралтгүй буурсан дүр зурагтай байна. Улмаар нэг нь тонн тутамд 5700 ам.доллар болж буурлаа.  Дэлхийн зэсийн нийт эрэлтийн талаас илүү хувийг дангаараа   бүрдүүлдэг Хятадын зах зээлд коронавирусийн дэгдэлт голлон нөлөөлсөн. Монгол Улсын хувьд энэ онд  Эрдэнэт үйлдвэрийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурч байгаа. Оюутолгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байгаатай холбогдуулан зэсийн баяжмалын экспортын хэмжээ бууруулан төсөөлсөн. Ингэхдээ нэг тонн зэсийн ханшийг 5,991 ам.доллар байхаар тооцон 1.2 сая тонныг экспортод гаргана. Энэ хэмжээний зэсийн баяжмалаас 2020 онд 1.2 их наяд төгрөгийг  төсөвтөө төвлөрүүлэх төсөөлөлтэй байгаа юм. Хэрэв БНХАУ-д тархсан өвчний нөлөөгөөр зэсийн ханшийн бууралт үргэлжилбэл, мөн л алдагдал болж төсөвт ачаалал үүсгэх дүр зураг харагдаж байна. Зэс болон нүүрснээс гадна улсын эдийн засагт голлон нөлөөлдөг түүхий эдүүд бол газрын тос, алт, төмрийн хүдэр. Эдгээрийн ханш ч БНХАУ-ын зах зээлд муу мэдээ тархсаны нөлөөгөөр уналтад ороод байгаа юм.  Үүгээр дамжин коронавирусийн тархалт Монгол Улсын төсөвт дарамт болж ирлээ. Энэ нөхцөл байдал уул уурхайн салбараас цалинждаг иргэдийн өрхийн төсөвт ч муугаар нөлөөлж мэдэхээр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.