Абэгийн залгамжлагчаар Ишибаг тохирно гэж олон нийт үзэж байна
Японы Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрүг дараагийн Ерөнхий сайд болоход тохирно гэж “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулгад оролцогчдын дийлэнх нь хариулжээ.
Ерөнхий сайд Абэ Шинзогийн засаг захиргааг шүүмжлэгч цөөн хүмүүсийн нэг болох Ишиба Шигэрү санал асуулгад оролцогчдын 34.3 хувийн санал авсан бол түүний араас Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ /14.3/, Батлан хамгаалахын сайд Коно Таро /13.6/, Байгаль орчны сайд Койзүми Шинжиро /10.1/, Либерал Ардчилсан намын Бодлогын асуудал хариуцсан дарга Кишида Фүмио /7.5/ нар тус тус жагссан байна.
Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрохоор төлөвлөж буйгаа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэний дараа дээрх санал асуулгыг орон даяар утсаар явуулжээ. Мөн санал асуулгад оролцогчдын 48 хувь нь парламентын доод танхимын дараагийн сонгуульд Либерал Ардчилсан намын төлөө саналаа өгнө гэж хариулсан байна. Харин сөрөг хүчний намуудаас Үндсэн хуулийн ардчилсан нам хамгийн өндөр буюу 11.6 хувийн санал авчээ.
Өнгөрсөн бямба гаргаас эхлэн хоёр хоногийн турш явуулсан санал асуулгад 1050 хүчинтэй хариулт ирсэн бөгөөд тэдгээрийн 58.6 хувь нь Абэ бүрэн эрхийнхээ хугацааг дуусаагүй байхад огцорч буйг зохистой гэж үзсэн бол 25.3 хувь нь хэт оройтсон, 12.7 хувь нь хэт эрт байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн санал асуулгад оролцогчдын 72.9 хувь нь коронавирусний цар тахлыг шинэ Засгийн газрын нэн тэргүүнд тавих томоохон хоёр асуудлын нэгээр сонгожээ. Үүний араас эдийн засаг, ажлын байр /32.1 хувь/, нийгмийн хамгаалал /19.2 хувь/ тус тус бичигджээ.
Японы дараагийн удирдагчийн талаарх санал асуулгуудын дүнгээр Ишиба Шигэрү тэргүүлж байгаа боловч тэрбээр ирэх есдүгээр сарын 14-нд болох төлөвтэй байгаа Либерал Ардчилсан намын сонгуульд ялах магадлал бага байгаа аж. Учир нь тэрбээр намын парламентын гишүүдийн дунд тийм ч их нэр хүндтэй биш ажээ.
Ишиба Шигэрү 2012 онд болсон Либерал Ардчилсан намын даргын сонгуулийн эхний шатанд намын гишүүдийн хүчтэй дэмжлэгээр ялалт байгуулж байсан боловч хууль тогтоогчид саналаа өгөх хоёрдугаар шатанд ялагдал хүлээсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.