Харри, Меган нар “Netflix”-тэй гэрээ байгуулжээ

Харри, Меган нар “Netflix”-тэй гэрээ байгуулжээ

Сассексийн гүн, гүнгийн ахайтан нар Америкийн “Netflix” компанитай баримтат кино, баримтат цуврал, нэвтрүүлэг, шоу, хүүхдийн хөтөлбөр бүтээх гэрээ байгуулжээ.

Хунтайж Харри, түүний гэргий Меган нар продакшн компани байгуулж, “Netflix”-тэй олон жилийн гэрээ байгуулсан талаараа лхагва гарагт олон нийтэд дэлгэжээ. Тэд компанидаа хараахан нэр өгөөгүй байгаа ажээ.

“The New York Times” сонин энэ талаар хамгийн эхэнд мэдээлсэн байна. Харри, Меган нар Их Британийн хатан хааны гэр бүлтэй холбоотой үндсэн үүргээс татгазаж буйгаа мэдэгдэж, Лос-Анжелес хот руу нүүснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрөөд байгаа юм.

Хос баримтат киноны хөтөлбөрт өөрсдөө оролцож магадгүй байгаа бөгөөд Меганы хувьд хамгийн сүүлд “Suits” телевизийн цувралд тоглосон бөгөөд тэрбээр дахин жүжиглэхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байжээ.

“Бид мэдээлэл хүргэхээс гадна итгэл найдвар өгөх контент бүтээхэд анхаарна” гэж хосын мэдэгдэлд тэмдэглэснийг “Times” сонин уламжилжээ. “Эцэг эх болоод удаагүй байгаа бидний хувьд урам зориг өгөх гэр бүлийн хөтөлбөр ч мөн чухал” гэж тэд хэлсэн байна.

Дэлхий даяар 193 сая хэрэглэгчтэй “Netflix” компани хостой байгуулсан гэрээний нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.