1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өгч буй мэдээллээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг өнөөдрөөс эхлэн арилжааны банкан дахь иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.
Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкан дахь дансны мэдээллийг тулган, баталгаажуулалт хийгдсэнээр гүйлгээ хийгдэх аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс иргэдэд олгох ногдол ашгийн 179 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү 100 хувь шилжүүлсэн. Тиймээс одоо Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс дансаа нээлгүүлсэн иргэдийн ногдол ашгийг олгох юм.
ИРГЭН ТАНЫ АВАХ НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ
- 1072 хувьцаатай иргэн 96 480 төгрөг
- 1063 хувьцаатай иргэн 95 670 төгрөг
- 964 хувьцаатай иргэн 86 760 төгрөг
- 857 хувьцаатай иргэн 77 130 төгрөг
- 750 хувьцаатай иргэн 67 500 төгрөг
- 536 хувьцаатай иргэн 48 240 төгрөг
- 527 хувьцаатай иргэн 47 130 төгрөг
Иргэд өөрийн нэр дээрх хувьцаагаа шалгахын тулд ҮЦТХТ-ийн https://net.schcd.mn/registration/ сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ. Онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 18001072 дугаарын утсаар лавлаж тодруулж болно. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээж, хувьцааны мэдээллээ авч болох юм.
Хувьцааны дансаа нээлгэхийн тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй.
Брокер компани нь иргэн таны хувьцааг арилжих, данс нээхэд зуучлах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Үнэт цаасны данс нь зөвхөн ногдол ашиг авахад зориулагдаагүй бөгөөд аль ч хувьцаат компанийн хувьцааг авах, зарах, хадгалах үүрэгтэй насан туршид ашиглагдах таны нэр дээр баталгаажих төвлөрсөн данс гэдгийг тодотгоё.
Түүнчлэн иргэн та Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn/mn/brokers/78 сайтад хандан албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоорой.
Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны 54 компани бий. Тэдгээрээс 11 компани онлайнаар данс нээж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.