“Амьдрал мөрий биш” аяны эхний илрүүлэлт үр дүнгээ өгөв
“Амьдрал мөрий биш” нөлөөллийн аяны хүрээнд 43 мөрийтэй тоглоомын газрыг илрүүлж, энэ газарт байсан иргэдийг бүртгэж, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 4 этгээдийг олж илрүүлсэн байна.
Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн “Амьдрал мөрий биш” нөлөөллийн аян эхлүүлээд байгаа юм.
Тус албанаас нууцаар зохион байгуулж байгаа покер, рулет, интернэт, цахим тоглоомын үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, эрүүгийн хариуцлагад татах, зохион байгуулагч, тоглогчдыг бүртгэл судалгаанд хамруулах зорилгоор тодорхой үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал, энэ оны найман сарын тоон мэдээллээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан рулет 5, автомат тоглоом 10, покер 20, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8, нийтдээ 43 мөрийтэй тоглоомын газрыг илрүүлэн үйл ажиллагааг таслан зогсоожээ. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулсан 48, тоглосон /давхардсан тоогоор/ 280 этгээдийг бүртгэж, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 4 этгээдийг илрүүлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр нийт 25 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 4 хэргийг хаах саналтай, 10 хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн, 4 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.