ОХУ Германы засгийн газарт эсэргүүцэл илэрхийлжээ
ОХУ болон ХБНГУ-ын хоорондох харилцаа улам муудах төлөв ажиглагдаж эхлээд байна. Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг хордуулсан хэргийн дуулиан дээрх хоёр орны хоорондох харилцаанд шинэ ан цав үүсэх гол шалтгаан болоод байгаа юм. Германы зүгээс Навальныйг хордуулсан хэрэгт ОХУ-ын засгийн газар холбоотой байж болохыг илэрхийлээд байгаа бол Москва удаа дараа үгүйсгэж байна. Энэхүү асуудлаас үүдэн Москва хот дахь Германы элчин Оросын Гадаад Хэргийн яам дээр дуудагджээ. Оросын талаас Германы засгийн газрын байр суурийг хүчтэй эсэргүүцэж байгаагаа Германы элчин сайдад илэрхийлсэн байна.
Оросын Гадаад Хэргийн яам Москва хот Германы элчин сайд Геза Андреас фон Гайр хүлээн авч уулзах үеэрээ Берлин ор үндэслэлгүй гүтгэж, Оросын олон улсын тавцан дахь нэр хүндийг ихээхэн сэвтээж байгаад эсэргүүцэл илэрхийлжээ. Германы эмч нар Алексей Навальныйг мэдрэл гэмтэх химийн бодисоор хордуулсан гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа юм. Тэгвэл Москва Германы талаас энэхүү эрүүл мэндийн шинжилгээ хариуг өгөхийг шаардаж байна. Алексей Навальныйг одоо Берлин хотод эмчилж байгаа төдийгүй сүүлийн үед түүний биеийн нөхцөл байдал сайжирч байна. Энэхүү халдлагад Кремл, цаашлаад ерөнхийлөгч Владимир Путиний нэр ч холбогдож, янз бүрийн таамаглал, мэдээлэл гарч байгаа юм. Энэ долоо хоногийн мягмар гарагт “Их 7”-гийн гадаад хэргийн сайд нар болон Европын холбоо зарим удирдагч Алексей Навальныйг армийн зэрэглэлийн хороор хордуулсан хэрэгт хэн буруутайг илчлэхийг Москвагаас шаардсан мэдэгдлийг хийсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.