Цэргээс зугтсан солонгос дуучныг эх оронд нь оруулсангүй
АНУ-ын Лос-Анжелес дэх БНСУ-ын Консулын газраас Америкийн иргэн, солонгос дуучин Ю Сын Жунд виз олгохоос дахин татгалзлаа.
Ю Сын Жун бол 2001 онд Бүх нийтээр цэргийн алба хаах хуулийг зөрчин, цэргээс зугтан, гадаад орны иргэншил авсан хүн. Түүнийг Өмнөд Солонгост одоо болтол өршөөгөөгүй байгаа нь энэ удаагийн визний асуудлаас харагдлаа.
Ю Сын Джун 1976 онд Сөүлд төрсөн. 13-20 нас хүртлээ АНУ-д амьдарсан. 1996 онд Өмнөд Солонгосын нэгэн агентлагт бичлэгээ илгээж, гуравхан сарын дараа Солонгосын хамгийн алдартай дуучин болсон байлаа.
Түүний дуунууд бараг бүгд хит болж, цомог нь хэдэн сая хувиар зарагдаж байв. Хэрүүл шуугианд хутгалдахгүй, эрүүл амьдрах ёсыг сурталчилсан, жинхэнэ үлгэр жишээ уран бүтээлч байлаа.
Гэвч солонгос эрчүүдийн нэгэн адил түүнд цэргийн албанд татах хуудас ирлээ. 2001 оны 12 дугаар сард цэрэгт татагдахаасаа ганц сарын өмнө Ю гадаадад концерт тоглоно гээд хил давсан юм. Буцаж ирээд цэрэгт явна гэсэн баримтад гарын үсэг зурсан байлаа. Тэр концертоо тоглоод эргэн ирсэн. Гэхдээ БНСУ-ын иргэн Ю Сын Жун биш АНУ-ын иргэн Стивен Ю болчихсон байлаа. Ю хоёр жил цэргийн хуаранд байхыг хүссэнгүй. Цэргээс зугтахын тулд иргэншлээ сольсон байв. Армид явахгүй, уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвина гэж тэр бодож байсан ч Солонгосын нийгмийг тэр дутуу үнэлжээ. Иргэншлээ сольсон нь түүний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа байв. Нийгэм даяар түүнийг ад үзэж, Америк рүү нь хөөж орхисон юм. Хууль зүйн яамнаас түүний БНСУ-д орох эрхийг нь хассан. Ю хэд хэдэн удаа ард түмнээс уучлал гуйсан бичлэг илгээж, хүлцэл өчсөн. Гэвч түүнд одоо болтол виз өгөхгүй хэвээр байгаа юм.
Ю Сын Жуны өмгөөлөгч “Дээд шүүхэд бидний гаргасан өргөдлийн дагуу шүүхээс Ю-д виз өгөхийг зөвшөөрсөн. Гэвч дахиад татгалзсан хариу авлаа. Түүнийг 2001 онд иргэншлээ сольсон нь БНСУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэж одоо болтол үзсэн хэвээр байна. Бид давж заалдана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.