БНАСАУ-ын үзүүлсэн пуужингуудыг Японы систем амдан сөнөөж чадахгүй гэж үзэж байна
Өнгөрөгч бямба гарагт Пёньян хотод болсон цэргийн жагсаалын үеэр үзүүлсэн пуужингуудыг пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь амдан сөнөөхөд хэцүү гэж Японы Засгийн газар үзэж байгаа тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацунобу Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
“Цэргийн жагсаалын үеэр үзүүлсэн пуужингуудын дунд бидний одоогийн хүчин чадлаар хариу өгөхөд хэцүү гэж үзэж байгаа пуужингууд байсан. Засгийн газар улам их, илүү хэцүү болж аюул заналд хариу өгөхийн тулд пуужингийн довтолгооноос хамгаалах чадвараа бэхжүүлэхэд тууштай хүчин чармайлт тавина” гэж тэрбээр хэлсэн байна.
“Парадын үеэр тив хоорондын пуужингийн ангилалд багтдаг байж магадгүй болон шумбагч онгоцноос харвах боломжтой пуужингуудыг үзүүлсэн. Умард Солонгосын өсөн нэмэгдэж буй цэргийн хүчин чадлыг бид илүү сонор сэрэмжтэй ажиглахаар төлөвлөж байна” гэж Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга цохон тэмдэглэжээ.
Тэрбээр мөн Япон улс БНАСАУ-ын пуужингийн чадавхын талаар мэдээлэл цуглуулахад АНУ-тай нягт хамтран ажиллана гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
БНАСАУ-ын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг тохиолдуулан өнгөрөгч бямба гарагт Пёньян хотод зохион байгуулсан цэргийн жагсаалын үеэр зарим шинэ зэвсгийг үзүүлсэн юм. Тодруулбал, бага өндөрт нисэж, байдаа тусахаас өмнө нислэгийнхээ замыг өөрчилж чаддаг дунд зайн тусгалтай пуужингууд Токиогийн анхаарлыг онцгой ихээр татжээ. Энэ пуужингуудыг БНАСАУ өмнө нь хэдийнээ туршсан бөгөөд Японы пуужингийн довтолгооноос хамгаалах систем амдан сөнөөж чадахгүй гэж үзэж байгаа аж.
БНАСАУ мөн тив хоорондын шинэ баллистик пуужин үзүүлсэн юм. Шинэ пуужингийн хийц нь АНУ-ын эх газрын аль ч хэсэгт хүрэх чадалтай, 12874 км-ийн тусгалтай “Хвасон-15” пуужинг санагдуулж байгааг Сөүл дэх цэргийн шинжээчид онцолжээ. Шинэ пуужингийн хэмжээ томорсон нь илүү ашигтай ачаа буюу нэмэлт төөрөгдүүлэх хэрэгсэл болон пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслээс бултах хэд хэдэн цэнэгт хошуу тээх чадалтайг харуулж байж магадгүй гэж үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.