МоАХ анхдугаар чуулганаа хийж, Монголын Ардчилсан намыг тунхаглаж байв

МоАХ анхдугаар чуулганаа хийж, Монголын Ардчилсан намыг тунхаглаж байв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол оронд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн Ардчилсан холбоо (МоАХ) анхдугаар чуулганаа хийж, Монголын Ардчилсан нам байгуулсныг тунхаглан зарлаж байсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. 

1990 оны Цагаан морин жил эхлүүлсэн Ардчилсан хувьсгалын 30 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан нам байгуулагдсаныг албан ёсоор зарласан нь Монголд 70 жил тогтсон нэг намын тогтолцоог халж, улстөрийн олон намын тогтолцоонд шилжиж байсан юм. Улмаар Монгол оронд эрх чөлөө, хүний эрхийг дээдэлж, хүний өмчтэй байх эрхийг нээж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг олон ургальч, хүмүүнлэг Ардчилсан нийгмийн суурийг тавьж байсан өдөр билээ. 


МоАХ-ны Дорнод аймаг дахь анхдагч гишүүн, УБХ-ын гишүүн, АИХ-ын депутат Д.Баярцэнгэл энэ өдрийг дурсан, "Монголын ардчилсан хувьсгалын анхдагч С.Зориг агсан энэ өдөр Монголд нэг намын тогтолцоог халж буйг тунхаглаж байлаа. 

МоАХ анх байгуулагдсаны дараа 1990 оны 1-р сард бидний хэдэн нөхөд Дорнод аймагт МоАХ байгуулж, туслалцаа, зөвлөгөө авахаар Улаанбаатар хот руу намайг илгээж билээ. Би МУИС-ийн хичээлийн байранд ирж, нөхдийнхөө даалгавар ёсоор С.Зоригтой уулзаж, зөвлөгөө, зааварчлагаа авсан бөгөөд энэ цагаас эхлэн бид ардчилал, шударга ёсны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр холбогдож хамтран зүтгэгчид болсон билээ" хэмээн өгүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.