Мега төслүүдээ мартахгүйгээр байгалийн баялгаас ашгаа хүртэцгээе

Мега төслүүдээ мартахгүйгээр байгалийн баялгаас ашгаа хүртэцгээе

"Саалийн үнээ”. Энэ бол сүү ихтэй үнээ. Сүү ихтэй үнээг сааж сурсан хүн нь л мэднэ. Тиймдээ ч улстөрчид Эрдэнэт үйлдвэрийг "Саалийн үнээ" гэж нэрлэсэн юм. Эрдэнэтийн “босс” болохын төлөөх тэмцэл сайд, дарга нарын дүнтэй, түүнтэй таарсан үнэ цэнтэй байдаг нь чухамдаа энэ буюу. Орос ах нарын шууд хаялгаар социалист нийгмийн үр шимээр бий болсон энэ үйлдвэрт одоогийнхоо нөөц бололцоогоор ажиллах дахиад 50 жилийн нөөц бололцоо бий.

Дэлхий улс төр, геополитикийн тухайн үеийн хэт шилжилт хөдөлгөөн манайх руу эргэсний дүнд Эрдэнэт бий болох үндсийн үндэс тавигдсан юм. Социалист лагерийн орнуудад хамгийн том зэсийн нийлүүлэгч байсан Чили улсад 1973 оны есдүгээр сарын 11-нд хэт барууны хүчнийхэн АНУ-ын оролцоотой төрийн эргэлт хийж Сальвадор Альенде түлхэн унагаагүй бол “Саалийн үнээ” маань хашаандаа байхгүй байх байлаа. Чилийн эрхэнд гарсан Августо Пиночет тухайн үед ЗХУ болон социалист лагерийн орнуудтай байгуулах ашигт малтмалын бүх гэрээгээ цуцалсан юм. Чилийн зэсийн нөөц дээр түшиглэж байсан социалист системийн орнууд зэсийн асар том дутагдалд орох бодит нөхцөлтэй тулж ирсэн нь энэ. Тухайн үед хэдийгээр Зөвлөлтийн Чита хотын Удоканы орд, Афганистаны Кандагарын ордыг эргэлтэд оруулахаар ярилцаж байсан ч Удоканы орд нь байгалийн нөхцөл, Кандагарын орд нь улс төрийн нөхцөл байдлаас болж ашиглах боломжгүй нөхцөлд тулж ирсэн юм. Тиймээс хамгийн боломжтой орд нь Эрдэнэт болж, их бүтээн байгуулалт эхэлсэн билээ.

Энэ их түүхийг нуршихын шалтгаан нь хэрэв их гүрнүүдийн шатрын өрөг дэх нүүдэл өөрөөр байсан бол “Саалийн үнээ” ч үгүй “Эрдэнэт” дээр бас нэг компани орж ирээд олон жилийн хэрүүл тариад сууж байх байсан биз. “Оюу Толгой” илрэхээс өмнө Монголын эдийн засаг “Эрдэнэт” дээр тогтдог байв. Их гүрнүүдийн шийдвэр бид нарын оролцоогүйгээр ч гардаг байлаа. Тэд баялгийг зөөж хусмыг нь бид хүртдэг байсан. Энэ бол үнэн. Гэвч ардчилсан нийгэмд шилжсэний дараа хусам дээрээ зодолдож, алс хэтээ бодоогүй юм. Хэрэв бид тухайн цаг үедээ Эрдэнэтийн баялгийг бүрдүүлэх сан байгуулж, хэтийн бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэр, хүнд үйлдвэр, бүтээлч үйлдвэрийн салбараа дэмжин тэтгэсэн бол хэт том хоёр хөршөөсөө хэтэрхий хараат биш оршин тогтнох байлаа. Одоо л бидний будаа идэх гээд бай­гаа Норвегийн баялгийн санг тэр үед л шууд хуулчихсан бол “Оюу Толгой”-гоо тойрсон хэрүүл­гүй, зөвхөн өөрсдийгөө л боддог харал­ган улстөрчидгүй байх байлаа.

Норвегийн баялгийн сан нь Норвегийн газрын тос, байгалийн баялгийн нөөц дээрээ тулгуурласан сан юм. 1967 онд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж, 1990 онд менежментийн хувьд бүрэн шинэчилсэн билээ. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш хэтэрхий хэлбэлзэлтэй байдаг тул олсон хэдээ хадгалж ирээдүйн өв сан байдлаар ашиглах нь ирээдүйтэй гэдгийг Засгийн газраас нь олж харан энэхүү системээ хөгжүүлсэн түүхтэй. Одоо энэ санд 10 их наяд Норвег крон эргэлдэж байна. Энэ сангаас санхүүжихийн тулд дэлхийн олон арван компани “бадар барин” гүйлддэг. Ямар сайндаа манай баялаг дээр эзэн суугаад байгаа Рио Тинто компанид өнгөрсөн жил л үүдээ нээсэн юм. Шүүхээр шийдүүлсэн олон асуудалтай байсан тул 10 жилийн өмнө хар жагсаалтад оруулан хөрөнгө оруулалтаа зогсоосон билээ.
 


Хэрэв бид намынхаа санхүүжилт, сонгуулийнхаа мөнгө гэж хараагүй бол “Оюу Толгой”-гоос олж байгаа хэдээ зөв зохистой ашиглаж болох байлаа. Хүссэн ч, эс хүссэн ч “Оюу Толгой” бол Монголын эдийн засаг. Байгуулсан гэрээ, гарын үсэг зурсан хувь хүмүүс нь л “но”-той болохоос “Оюу Толгой” бүрэн ашиглагдаж эхлээгүй байхдаа л монголын эдийн засаг болчихсон орд. Гэтэл бид энэ том ордоосоо олж байгаа хэдээ зөв зохистой ашиглаж чадсангүй. “Голланд өвчин”, “Зууны луйвар” гэсээр арав дахь оноо үдэж байна. Хэрэв Монголын төр зориглосон бол “Оюу Толгой” шунал, шүлсэнд даруулахгүй байлаа. Казахстан улс ингэж л хөгжсөн байгалийн баялгийн бүх орд дээр гаднын компанийг нээлттэй урьж, төрийн хяналтаа сайн тавьж, олсон хэдийг нь тусгай санд бүрдүүлж, бүрдүүлсэн хөрөнгийг ард иргэддээ тайлагнаж байсан учраас л өдгөө далайд гарцгүй мөртөө хамгийн орчин үеийн улс болж чаджээ. Тийм ч учраас барууныханд дарангуйлагч мэт харагддаг Нурсултан Назарбаев хаан мэт шүтэгдэж байгаа юм. Түүний гаргасан хамгийн том шийдвэр бол Норвегийн баялгийн санг шууд хуулсан явдал. Нэгэнт дугуйг зохион бүтээчихээд байхад дахин өөр хэлбэртэйг зохион бүтээгээд хэрэггүйн үлгэрийг тэр гаргаж чаджээ. Одоо Казахстанд төрж буй бүх хүүхдээс аваад, насныхаа буяныг эдлээд сууж буй азай буурал хүртэл баялгийн сангаас хишиг хүртээд зогсохгүй, тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 8837 ам.долларт хүрчээ. Казахстан биднээс бараг арав илүү жилийн түрүүнд алхаж ирсэн юм. Чухамдаа тиймийн учир 2018 онд сангийн нэрийг сольж Үндэсний хөрөнгө оруулалтын сан бий болсон түүхтэй. Одоо энэ санд 57 тэрбум ам.доллар эргэлдэж, бүртгэлтэй компаниудын тоо 35-д хүрчээ. Санхүүгийн талаар бичдэг “Forbes” сэтгүүл Казахстаны баялгийн сангийн хөрөнгө ойрын таван жилд хоёр дахин нэмэгдэх тооцоо гаргажээ. Улмаар эдийн засгийн хөгжлийг нь 15 жилээр тооцоолж их долоон гүрний хэмжээнд 2030 оны сүүл гэхэд хүрнэ гэж тооцоолсон.

Улстөрчдийн шунал, сонгуулийн онооны шүлсэнд даруулдаг хоёр том ордтой атлаа ирээдүйн үр хойчдоо юу үлдээх вэ гэдгээ бодсонгүй. Хэрэв Монгол Улсын төр зориг гарган “Эрдэнэс-Тавантолгой”-г мэдэлдээ аваагүй бол талцаж хуваагдаад байгаа ногдол ашиг ч үгүй, жилд 16.5 сая тонн нийлүүлсэн компани ч үгүй шилээ маажаад сууж байх байсан биз. Одоо “Оюу Толгой”, “Эрдэнэт”-ийнхээ ашгийг хадгалах сан гэдгийг нэн даруй байгуулах ёстой. Ухаан орсон мэт хуулах гээд зүтгээд байгаа “Норвегийн баялгийн сан”-г нэн даруй батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний шоолж давхиад байгаа Туркменистан Казахстанын санг хуулсан яг тийм сантай болох гэж байна. Дайнтай гээд ад үздэг Афганистан ч бас энэ зүг рүү зүтгэж байгаа. Аль болох хурдан л алс хэтээ бодохгүй бол сонгуулийн өмнө л ордтой гэдгээ санадаг, сонгууль дөхөхөөр л мөнгө тараадаг, минийх, чинийх гэж маргадаг, гэрээ байгуулсныгаа шоронд явуулдаг тогтолцоо хэзээ хүртэл үргэлжлэхийг бид мэдэхгүй. Хэрэв бид баялгийн сангаа аль болох хурдан л шийдэхгүй бол 2030 он хүртэл тогтвортой хөгжинө гэсэн уриа, лоозондоо хүрэхгүй байгаад зогсохгүй эдийн засгийн долгионтой жилүүдэд гаднын санг барааддаг байдал мөддөө дуусахгүй нь тодорхой.

Монголын эдийн засгийн 70-аас илүү хувийг уул уурхайн салбар эзэлж буй. Үүнийг батлах ганц тоо байгаа нь 2.4 их наяд төгрөг. Уул уурхайн салбар арваннэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.  Төсөвт оруулсан орлого нь хагас тэрбумыг давж 26.7 хувиар өсөөд байна. Энэ бол гайхаад байхаар үзүүлэлт биш. Ардчилсан нийгэмд алхан арсан сүүлийн 30 жилийн 20-д нь уул уурхайн салбар ачааны хүндийг үүрсээр ирсэн. Ялангуяа арвин баялаг нөөцөөрөө дэлхийд танигдсанаас хойш үүрэх ачаа улам нэмэгдсэн юм.

Уул уурхайн салбар экспортын голыг нугалдаг юм байж. Ачааны хүндийг үүрдэг юм байж. Хоёр тэрбумаар нь улсын төсөвт төвлөрүүлдэг юм байж. Харин үүний эсрэгцэл нь захиран зарцуулалт юм. Захиран зарцуулах эрх нь бодлого боловсруулагчдад бий. Өнгөрсөн жилүүдэд бодлого боловсруулагчид уул уурхайн салбарыг зөвхөн төсвийн орлогыг бүрдүүлэгч гэж харсаар ирсэн. Үйлдвэрлэлийн үр ашигтай салбар гэж харахгүйгээр зөвхөн нэг талаас нь харсаар өнөөг хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.