Монгол, ОХУ, БНХАУ-ын Хамтарсан ажлын багийн дарга нарын анхдугаар уулзалт боллоо
“Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах Хамтарсан ажлын багийн дарга нарын (дэд сайдын түвшний) анхдугаар уулзалт энэ сарын 5-нд цахимаар боллоо.
Уулзалтад оролцсон монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, орос, хятадын талыг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд П.В.Засельский, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга Нин Жиже нар ахлав. Уулзалтад манай талаас Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон гурван талын холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.
Ажлын багийн дарга нарын уулзалтаар талууд тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдийг урагшлуулах, түүний дотор “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл”, “Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн Ажлын төлөвлөгөө”-ний төслийг эцэслэн тохиролцож, гурван улсын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр гарын үсэг зурахаар болов. Түүнчлэн талууд автозамын бүтээн байгуулалтын төсөл, эрчим хүчний төслийн явцыг хэлэлцсэнээс гадна эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Гурван улсын төрийн тэргүүн нарын 2016 онд болсон дээд хэмжээний уулзалтаар тохиролцож баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, хил гааль, шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй зэрэг 9 салбарт нийт 32 төсөл хамтран хэрэгжүүлэх юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.