Халдвар авсан сувилагч Сэлэнгийн Нэгдсэн эмнэлгээс иржээ

Халдвар авсан сувилагч Сэлэнгийн Нэгдсэн эмнэлгээс иржээ

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр (2020.11.06) улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулахдаа COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагч коронавирусний халдвар авсан талаар мэдээлсэн билээ. Хэдийгээр халдвар олон нийтийн дунд тараагүй ч Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж байсан сувилагч халдвар авсан нь Монгол Улсын хувьд дотооддоо халдвар дамжсан анхны тохиолдол болсон юм.

Бидний тодруулснаар халдвар авсан сувилагч (31 настай) Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн эмнэлгээс нэг эмч, нэг сувилагчийг ХӨСҮТ-д тодорхой хугацаанд ажиллуулж, шаардлагатай үед бэлэн байдалд байх туршлага хуримтлуулахаар Улаанбаатарт руу явуулсан бололтой.

Шадар сайд Я.Содбаатар ч энэ талаар өнөөдөр “Эрүүл мэндийн сайдаас авсан мэдээллээр бол ХӨСҮТ дотор ажиллаж байсан сувилагч халдвар авсан байна. Энэ хүн Сэлэнгэ аймгаас ирж ажиллаж байсан” гэж эл мэдээллийг баталгаажуулсан.

Энд хэд хэдэн зүйл анхаарал татаж байна. Хэдийгээр хилийн боомттой аймаг, орон нутагт коронавируст халдварын үед ажиллах эмч нарыг бэлтгэх шаардлага байж болох ч яг одоогийн нөхцөлд халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа ХӨСҮТ дээр албан ёсоор ажлын байрны сургалт маягаар эмч, сувилагч нарыг ажиллуулж болох уу? Орон нутгаас ирж, ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагч нарыг халдвар, хамгааллын дэглэм баримтлах сургалтад хангалттай хамруулсан эсэх. Халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан бусад таван эмч, сувилагч хэрхэн тусгаарлагдаж байсан, одоо биеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг нь ямар байгаа гээд олон асуулт тавигдаж болохоор байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр "2020 оны арваннэгдүгээр 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Тэдний хоёр нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларус улсын жолооч бол Энэтхэгээс ирсэн нэг иргэнээс мөн халдвар илэрсэн. Дөрөв дэх тохиолдол нь COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагч байлаа. Түүний хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Манай эмч, сувилагч нар коронавирусний халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног тутамд ээлжлэн зургаа зургаагаараа багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гарсныхаа дараа 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагддаг. Халдвар илэрсэн сувилагчийн ажлаа хийж байх хугацаан дахь 14 хоногийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид хамт ажиллаж байсан багийг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна. Эмч нар ядарч байгаа тул хүмүүсээ бэлтгэж байсан. Тухайн сувилагч анх удаа халдварын голомтод ажилласан. Камерын бичлэгээр халдвар хамгааллын дэглэм хаана алдагдсаныг тодруулахаар ажиллаж байна" гэсэн мэдээлэл өгсөн.

Өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдах товтой байгаа. Коронавирусний халдвар, хамгааллын дэглэмтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэх хурлаар өнөөдөр үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар албаныхан тодорхой мэдээлэл өгөх биз ээ.

Сануулахад, Монгол Улсад зөөвөрлөгдөж ирж батлагдсан тохиолдол 356 болж,  314 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.