Монгол Улсын 550 иргэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторт суралцах боломжтой
ОХУ-ын Засгийн газраас ирэх онд Монгол Улсын иргэдэд зориулсан боловсролын 550 тэтгэлэг зарлахаар болжээ. Энэ хүрээнд Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020” болон “Боловсролын салбар дахь нийгмийн хамтын ажиллагаа: Туршлага, инноваци, хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны хооронд болно.
Тус үзэсгэлэнд Санкт-Петербургийн улсын их сургууль, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль, Эдийн засгийн судалгааны үндэсний их сургууль, Сеченовын анагаахын улсын их сургууль, Москвагийн политехникийн улсын их сургууль, Санкт-Петербургийн уулын улсын их сургууль, Санкт-Петербургийн үйлдвэрлэлийн технологи, дизайны улсын их сургууль, Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль, Хойд Дорнодын холбооны их сургууль, “Умард арктикийн холбооны их сургууль”, “Эрхүүгийн судалгааны техникийн үндэсний их сургууль, Эрхүүгийн улсын их сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургууль, Буриадын хөдөө аж ахуйн улсын академи, Томскийн политехникийн улсын их сургууль, Томскийн удирдлагын систем, радио электроникийн улсын их сургууль, Өмнөдийн холбооны их сургууль, Өмнөд Уралын улсын их сургууль оролцох юм байна.
Их, дээд сургууль элсэх хүсэлтэй иргэд уг онлайн үзэсгэлэнд expo.edurussia.mn сайтаар оролцсоноор бакалавр, магистр, докторын 550 тэтгэлэгт хамрагдах боломж нээгдэж, 4-5 жил үнэ төлбөргүй сурахаас гадна сар бүр цалин авах юм байна.
Мөн онлайн үзэсгэлэнгийн үеэр элсэлт хариуцсан зөвлөхүүд монгол хэлээр мэдээлэл өгөх бөгөөд, элсэгчид хүссэн газраасаа холбогдож цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэхээс гадна мэргэжил, сургуулийн сонголтоо оновчтой хийх боломж нээгдэж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: http://www.mnb.mn/i/223213
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.