Засгийн газар хөл хориог сунгах эсэх асуудлыг шийдэхээр хуралдаж эхэллээ.
Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гарагийн өглөө дуусах тул цаашид хугацааг сунгах эсэх асуудлыг шийдэхээр хуралдаж эхэллээ.
Өнөөдөр (2020.11.29) Улсын Онцгой комиссын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд хөл хорионы хугацааг дахин 10-14 хоног сунгах саналаа Засгийн газарт хүргүүлсэн билээ.
Ингэхдээ халдвар бүртгэгдсэн бүс нутаг, аймгуудын хөл хориог сунгаж, халдвар гараагүй аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх зэрэг саналууд хуралдааны үеэр гарчээ.
Өөрөөр хэлбэл, халдварын эрсдэл ихтэй, голомттой суурингуудаа хэсэгчлэн шаталж, бэлэн байдлын зэрэглэлээрээ хөл хориог сунгах, халдвар гараагүй аймгууд дахь бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хэвийн амьдралын хэмнэл рүү оруулах талаар хэлэлцэж буй аж.
Мөн хөл хориог үргэлжлүүлсэн ч үйлдвэрлэлийн гэх мэт зарим нэн шаардлагатай салбаруудаа нээх чиглэлтэй байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт халдвар бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.