ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫ НЭЭЛТ БОЛОВ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫ НЭЭЛТ БОЛОВ

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Нэг хором, зөв эргэлт” аяны нээлт Сөүл хотын Ёнсан дүүргийн Цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аяныг санаачлагч, хамтран зохион байгуулагч байгууллагууд болох Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Монголын залуучуудын холбооны БНСУ дахь Салбар зөвлөл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банкны БНСУ дахь төлөөлөгчийн газар, OLNODO.COM цахим хуудас болон Сөүл хотын Ёнсан дүүргийн Цагдаагийн газрын төлөөллүүд оролцов. Энэхүү аяны хүрээнд суугаа орны хууль дүрмийн талаар мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болсон үед цагдаагийн байгууллагад хэрхэн хандах, өөрийн эрх ашгийг хамгаалах мэдлэг олгох чиглэлд мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлууд зохион байгуулагдах юм. Аяны төлөвлөгөөний дагуу энэ оны 11, 12 дугаар саруудад цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, коронавирусээс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн талаар мэдээлэл, 2021 оны 1, 2 дугаар сард бэлгийн дарамт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл, 3, 4 дүгээр сард замын хөдөлгөөний аюулгүй байдал, мөрийтэй тоглоом, хар тамхи, хууль бус хөдөлмөр эрхлэлтээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулна.

2020.09.30-ны байдлаар БНСУ-д Монгол Улсын 43,999 хүн түр болон урт хугацаагаар оршин сууж байгаагаас нийт иргэдийн талаас дээш хувийг 20-45 насны иргэд эзэлж байгаа бөгөөд манай иргэд гэмт хэрэгт холбогдон амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох, ялангуяа хүнд гэмт хэрэг үйлдэх явдал өндөр хэвээр байна. Сүүлийн таван жилийн дунджаар монгол иргэдийн холбогдсон гэмт хэрэг жилд 1000-1300 бүртгэгдэж байгаа нь Монгол Улсын аймгуудын дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт юм.

“Нэг хором, зөв эргэлт” нь нээлттэй аян учир БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс хамтран ажиллах боломжтой тул Та бүхнийг дэмжиж оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.