Төв Азийн уур амьсгал өөрчлөгдсөнийг Монголын шинэс нотолжээ

Төв Азийн уур амьсгал өөрчлөгдсөнийг Монголын шинэс нотолжээ

Төв Азийн уур амьсгал 30 жилийн өмнө шинэ төлөв байдалд шилжиж, илүү хуурай, халуун болсныг цаг уур судлаачид тогтоожээ.

Судлаачид Монгол болон тус улсын хөрш орнуудад ургадаг шинэс модны жилийн цагиргийг судалсныхаа дараа дээрх дүгнэлтийг хийжээ. Эрдэмтдийн судалгааны дүнг шинжлэх ухааны “Science” сэтгүүлд нийтэлсэн байна.

“Шилмүүст модод нь хэвийн бус өндөр температурт маш мэдрэмтгий байдаг. Тиймээс бид шинэс модны жилийн цагиргийн бүтцийг судалж, сүүлийн зуун жилд Монгол оронд бий болсон халууны давлагааны мөчлөгийн чигийг гаргасан. Одоо ч гэсэн Монголын шинэс модод урт удаан хугацаанд тохиолдож байгаагүй ган гачигт нэрвэгдсэн хэвээр байгааг судалгаа харуулсан” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Шведийн Гётеборгийн их сургуулийн цаг уур судлаач Ханс Линдерхольм ярьжээ. 

Дэлхий дээр яг одоо дулаарал явагдаж байгаа гэдэгт цаг уур судлаачдын дийлэнх нь эргэлздэггүй. Хэрэв агаарын дундаж температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад Цельсийн 1.5-2 хэмд тогтоон барьж чадахгүй бол дэлхийн уур амьсгал эрс өөрчлөгдөж болзошгүйг эрдэмтэд анхааруулсаар байгаа билээ. Үүнийг ч компьютероор гаргасан дэлхийн цаг уурын олон зуун загварчлал, цаг уурын хиймэл дагуулууд, цаг уурын станцууд, далайн хөвүүр тэмдгүүдийн мэдээллүүд нотолсоор байгаа аж.

Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд 2015 оны 12 дугаар сард уур амьсгалын асуудлаарх Парисын гэрээг баталж, улс орнууд ирэх 10 жилд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах үүрэг хүлээсэн билээ. Энэхүү гэрээ нь агаарын температурын жилийн дундаж өсөлтийг Цельсийн 1.5-2 хэмд тогтоон барихад тусална гэж найдаж байгаа юм. 

Үүний зэрэгцээ агаарын дундаж температурыг энэ хэмжээнд тогтоон барихын тулд хүн төрөлхтөн хорт хий ялгаруулахаа бүрмөсөн зогсоох эсвэл агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг цэвэрлэх хэрэгтэй болох учраас Парисын гэрээ дэлхийн дулаарлыг зогсоож чадахгүй гэж цаг уурын олон судлаач үзэж байна. Түүгээр ч зогсохгүй дэлхий ертөнц “эргэж буцашгүй цэг"-ийг аль хэдийнээ давж гарсан бөгөөд дэлхийн дулаарлыг юу ч зогсоож чадахгүй гэдгийг Норвегийн цаг уур судлаачдын тооцоолол харуулжээ. Ханс Линдерхольм болон түүний хамтран зүтгэгчид үүнийг нотлох шинэ нотолгоо олсон байна. Тэд Монгол болон тус улстай хил залгаа оршдог Төв Азийн орнуудын нутагт ургаж буй 300 орчим жилийн настай шинэс моддын цагиргийн бүтцийг судалжээ. 

“Эргэж буцашгүй шинэ цэг"

Эрдэмтэд эдгээр бүс нутагт халууны давлагаа болон үүнтэй төстэй эрс тэс үзэгдлүүд хэр олон удаа тохиолдсоныг сонирхжээ. Үүнийг мэдэхийн тулд тэд шинэсний их биеэс модны дээж авч, бүтцийг нь судалсан байна.

Шилмүүст модны цагиргуудын зузаан, өнгө болон бусад шинж чанарууд нь тухайн жилдээ мод хангалттай устай байсан эсэхийг, цаг агаар хэр халуун байсныг харуулж чаддаг аж. Эрдэмтэд эдгээрийг судалсны эцэст сүүлийн 260 жилд Монгол болон Төв Азийн бусад бүс нутгийг хамарсан халуун, хуурайшилтын мөчлөгийг сэргээн тогтоожээ.

1990-ээд онд Төв Азийн уур амьсгал эргэлт буцалтгүй өөрчлөгдсөн байна. Энэ үед одоо хүртэл үргэлжилж буй Монгол орны болон хөрш орнуудын нутгаар халууны тогтмол давалгаа үүсэж эхэлжээ. Уур амьсгалын шинэ төлөв байдалд шилжсэний шалтгаан нь XX зууны хоёрдугаар хагаст жилийн дундаж температур нэмэгдсэний улмаас хөрсний ус багассантай холбоотой байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Үүнээс гадна, энэ үйл явц зогсолтгүй хурдсаж байгаа аж.

“Хөрс хуурайшсанаас болж бүс нутгийн температур илүү хурдацтай нэмэгдэж байна. Үүний улмаас ус урьд урьдынхаас хурдан ууршиж, цаг агаар улам халуун болж байна. Үүнээс болоод ган гачиг илүү их нүүрлэж, удаан үргэлжилж байна. Энэ бүхэн хэзээ, хэрхэн дуусахыг бид хэлж чадахгүй” гэж Гётеборгийн их сургуулийн эрдэмтэн Дэлян Чэнь ярьжээ. Тодруулбал, дэлхийн цаг уурт бүхэлд нь нөлөөлдөг салхины эргэлт гэх зэрэг агаар мандлын бусад чухал үйл явцад Төв Азийн уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлөхийг эрдэмтэд одоогоор яг нарийн тодруулж чадаагүй байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Монгол орны уур амьсгал хэрхэн өөрчлөгдсөнийг цаашид судлах нь энэхүү үйл явцыг зогсоож чадах эсэх, Евразийн энэ бүс нутагт тогтсон хуурай төлөв байдал дэлхийн цаг уурт хэрхэн нөлөөлөхийг ойлгоход тусална гэж судлаачид найдаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.