"COVID-19"-ийн вакцины асуудлаар Ч.Хүрэлбаатар Элчин сайд нартай ярилцав
Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Монгол Улсад суугаа Их Британи, ОХУ, БНХАУ, АНУ-ын Элчин сайд нартай уулзаж, COVID-19 цар тахлыг хумих, эдийн засгийн хямралыг давах болон вакцины асуудлаар ярилцлаа.
Тэрбээр эхлээд Их Британийн Элчин сайд Филип Малоунтай уулзсан юм. Тус улс нь хөгжиж буй 92 оронд вакцин авах боломжийг ижил тэгш хүртээх зорилготой Ковакс Эй Эм Си (Covax AMC) хөтөлбөрийг 550 сая фунт стерлингээр, мөн эмчилгээ, оношлуур, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Ковакс ЭйСиТи (Covax ACT Accelerator) механизмыг 800 сая фунт стерлингээр санхүүжүүлсэн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг ажээ. Мөн вакцин дундаас хадгалалт, тээвэрлэлт хамгийн сайн даах чадвартай АстраЗенека вакциныг гаргаж аваад байгаа юм.
Дараа нь ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзаж Спутник-5 вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэх болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцлаа. Монгол Улсад Спутник-5 вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах хоёр эх сурвалжаас хангах боломжтойг Элчин сайд хэлсэн байна. Бүх нийтийг вакцинд хамруулах ажил Москва хотод өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн, ДЭМБ-д бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар мөн дурдсан байна.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хятадын Элчин сайд Цай Вэнь Руйтай уулзаж тус улсад үйлдвэрлэж буй вакцин, түүний туршилт, бүртгэл, үйлдвэрлэлийн явц, манай улсад ханган нийлүүлэх боломжийн талаар ярилцсан юм. Түүнчлэн COVID-19 цар тахлын амаргүй үед нүүрс тээврийн аюулгүй байдлыг хангах, жолооч, хил гаалийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тээвэртэй холбоотой аливаа асуудлыг хурдан шуурхай шийдэж хоёр улсын худалдаа эдийн засгийн тогтвортой байдлыг анхаарч ажиллахыг хүслээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзав. АНУ COVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад энэ долоо хоногт амьсгалын 50 аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэж байгаад талархал илэрхийллээ. Мөн АНУ-д үйлдвэрлээд байгаа Модерна вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх боломжийн талаар ярилцан санал солилцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.