У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэнэ. Ингэж байж нөхцөл байдлыг давна

У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэнэ. Ингэж байж нөхцөл байдлыг давна
Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны буюу өнөөдрийн хуралдаанаар хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнд хийсэн түр хязгаарлалтыг сунгах эсэх хийгээд нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг авч, шийдвэрүүдийг гаргаад байгаа билээ. Хуралдааны үеэр   Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.Тэрбээр “Ард иргэдээ зөв ойлгуулах чиглэлээр ярилгүй яах вэ. Гэхдээ одоо засаглах цаг болсон, Т.Бадрал дарга аа. Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ уруу орно. Ингэж байж энэ нөхцөл байдлаа давна. Тогтоол, шийдвэр, захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа бол тодорхой хэмжээний хариуцлага тооцно.

Иргэн хүн иргэний үүргээ биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг биш. Нэг хоёр хүний цагаан сараар гэр орондоо очиж золгох асуудал биш. Энэ бол нийтийн эрх ашиг. Энэ бол улс үндэстний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал. Тиймээс дүрэм, журмаа сахиулах ёстой. Улсын Онцгой комисс сайн ажиллаж байна гэж бодож байна, цаашдаа ч сайн ажиллах ёстой.Хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй. Маргааш хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ, замбараагүй байдал үүсэж, сар шинийн золголт үргэлжилнэ. Ханиад томуу агаар дуслын замаар халдаж буй бүх өвчин дамжина. Бид хэдэн сар тэвчиж, тэсэх хэрэгтэй.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна, тэрийг харж байна. Гэхдээ одоо бол шинжлэх ухаанд тулгуурласан, холбогдох байгууллагын гаргасан зөвлөмж, дүгнэлтэд тулгуурлаж Засгийн газар, хүчний байгууллага болон бусад байгууллага ажлаа хийх болсон. Хэл ам гарах юм байна, олон түмэн бухимдах юм байна гэсэн асуудал байхгүй. Энэ бол улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар COVID-19-өөс урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч буй байдлын үнэлгээ, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх гээд асуудлуудаар Засгийн газар өргөн бүрэлдэхүүнээр хуралдсан юм. 

Ерөнхий сайд  орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг Цагаан сарын шинийн 8-ныг дуустал буюу ирэх даваа гараг хүртэл сунгах чиглэлийг өгсөн бөгөөд хугацааг Улсын Онцгой комиссын хуралдаанаар эцэслэх юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.