АНУ-д Их Британид илэрсэн хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ
Их Британид илэрсэн коронавирусний хувилбараар халдварласан анхны тохиолдол АНУ-ын Колорадо муж улсад бүртгэгджээ. Энэ тухай тус муж улсын захирагч Жаред Полис мэдээлсэн байна.
Их Британид илэрсэн коронавирусний шинэ төрөл АНУ-д анх удаа бүртгэгдэж буй нь энэ юм. Коронавирусний энэ хувилбар АНУ-д хараахан илрээгүй байгаа боловч “аль хэдийнээ орж ирсэн байх магадлалтай” гэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын туслах Бретт Жируар өмнө нь мэдэгдэж байжээ.
Вирус илэрсэн өвчтөн 20-29 насны эрэгтэй бөгөөд тусгаарлалтад байгаа аж. Эрх баригчдын мэдээлж байгаагаар, уг эрэгтэй сүүлийн үед удаан хугацаагаар аялаагүй байна. “Бид одоогоор коронавирусний энэ хувилбарын талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ илүү халдвартай болохыг Их Британийн эрдэмтэд дэлхий нийтэд анхааруулж байна" гэж Колорадо муж улсын захирагч цохон тэмдэглэжээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 19.4 сая гаруй тохиолдол илэрч, 336 900 гаруй хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.