Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 2021.01.11-нийг хүртэл сунгалаа
2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж байна.Түүнчлэн ирэх сард болон цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ.
Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан яг одоо Төрийн ордонд Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллагын эрсдлийн үнэлгээ зэргээс санал асуулга, зөвлөмж авсан. Энэ дагуу Улсын Онцгой комисс хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлыг сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд орууллаа. Олон талаас нь авч хэлэлсэн. Хатуу хөл хориог тав хоног сунгаж, худалдаа үйлчилгээний газрын хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Нийслэлийн хэмжээнд 3600 гаруй иргэнээс санал асуулга явуулахад 70 хувь хөл хориог сулруулах нь зүйтэй гэж санал өгсөн. Бүх яамд голлох агентлагаас санал авахад 3-10 хоног сунгах зүйтэй гэсэн. Энэ мэт олон саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ирэх долоо хоногийн даваа гарагт хатуу хөл хориог бууруулахаар тогтлоо" гэж онцоллоо.
Түүнчлэн "Энэ долоо хоногийн хугацаанд халдварын шинэ голомт дахин үүсвэл илүү хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш. Бид уян хатан шийдвэр гаргахын төлөө байгаа. Зургаан аймгийн есөн суманд халдварыг бүрэн хумьж, ногоон бүс боллоо. Орон нутгийнхан хэвийн амьдралдаа шат дараалалтай шилжиж байна. Улаанбаатарт үүсээд байгаа голомтыг хумих чиглэлд анхаарлаа хандуулж байна" хэмээн ярилаа.
Тэрбээр "Дэлхийн 40 гаруй орон вакцинжуулалтаа эхлүүлээд байна. Манай улс нийтийн дархлаажуулалт, вакцинжуулалтад эрсдэл багатай хүрэх, иргэдийн амь насыг хохироохгүй даван туулах шаардлага байна. Нэгдүгээр улиралдаа багтаж вакцинжуулалтыг хийнэ. Гурваас дөрвөн чиглэлээр оруулж ирэх асуудлыг ярьж байна. Энэ хүртэл халдварыг эрсдэл багатай даван туулах, халдвар хамгаалалтын дэглэмээ ягштал биелүүлэхийг уриалж байна. Үүнээс гадна цагаан сарыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.