“Монгол шуудан” ХК-аар дамжуулан хүргэх үйлчилгээг танилцуулж байна.
ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ГХЯ-ны Консулын газар буюу хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг /апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичиг/-ийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, орон нутгийн оршин суугчдад шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэд энэхүү үйлчилгээний дагуу ГХЯ-ны Консулын газар буюу хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баримт бичиг баталгаажуулах /Апостиль гэрчилгээ, консулын баталгаа, нотариатын үйлдэл/ хүсэлт гаргахдаа шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурснаар үйлчилгээ авах эрх үүсэх юм.
ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
- Шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурна.
- Шуудангийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлээр буюу шууданг хүлээн авсны дараа хүлээн авагч этгээд төлнө.
- Хаягийн зөрчил болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3 удаагийн оролдлогоор шуудан хүрээгүй буюу иргэн хүлээн авч чадаагүй бол “Монгол шуудан” ХК-д хандан лавлагаа авч, шинэчлэгдсэн хаягаар дахин захиалга өгөх боломжтой.
- Шуудан 14 хоногийн дотор хүрээгүй тохиолдолд тухайн иргэн шуудангийн харьяалах салбар дээр өөрийн биеэр очиж авна.
- ДТГ-уудаас ирүүлсэн баталгаажуулсан баримт бичгийг ГХЯ-ны Консулын газар хүлээн авснаас хойш холбогдох иргэнд шуудангаар хүргүүлэх үйл ажиллагааг цагийн зөрүү болон ажлын ачааллыг тооцон хот дотор дунджаар 1-2 хоног, аймаг орон нутагт 3-5 хоногт зохион байгуулахыг хүсэлт гаргасан иргэнд урьдчилан мэдэгдэж байна. Консулын газарт ирүүлсэн баримт бичгийг шуудангаар хүргүүлэхдээ шуудан тус бүрийг баркод бүхий дугтуйнд хийх бөгөөд баркодын дугаарыг холбогдох ДТГ-т тухай бүр хүргүүлж байна. Үйлчилгээ авагч иргэн баркодын дагуу “Монгол шуудан” ХК-ийн 1800-1613 дугаарын лавлахаас шуудан хүргэлтийн явцын талаар тодруулах боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.