Ц.Ганзориг: Халдварын тоо 200-аас давбал ХӨЛ ХОРИО тогтоохоос аргагүй

Ц.Ганзориг: Халдварын тоо 200-аас давбал ХӨЛ ХОРИО тогтоохоос аргагүй

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга, Улсын Онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг цаг үеийн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Вакцины нөөц болон вакцинжуулалтын явц, цаашид хийх дарааллыг та бүхэнд танилцуулъя. ОХУ-аас ирэх сард вакцин хүлээн авна. Хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр вакцин оруулж ирж байна. "Монгол эм" концерн 10 мянган тун вакцин оруулж ирсэн. Хувийн хэвшлийнхэн вакциныг өндөр үнээр хийж, ашиг олох зорилгогүй гэдгээ илэрхийлсэн. Нийт 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд хүлээж авна. Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ.

Вакцин хийх дарааллын тухайд хариу арга хэмжээний багийн буюу халдвартай иргэдтэй тулж ажиллада иргэдийг вакцинжуулж дууссан.

Одоо үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулж байна. Өнөөдөр гэхэд хэвлэл мэдээлэл, банк санхүү, ус хангамж гэх мэт салбарын 53327 хүнийг дархлаажуулах ажил эхэллээ. Тодорхой 10 гаруй салбарынхан гэсэн үг. Худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянган хүнийг бид вакцинжуулсан. Энэ салбарын вакцинжуулалт үргэлжилнэ. Өдөр тутам олон нийттэй харилцаанд орж байдаг "Нарантуул" захын 6000 ажилтан, нийтийн тээврийн 1000 жолоочийг вакцинжуулсан. Боловсролын байгууллагын 45300 багшийг вакцинд хамруулж эхэлсэн. Энэ ажил үргэлжилнэ. Энэ долоо хоногийн эхнээс хөгжлийн бэрхшээлтэй, ахмад насны 100 мянга орчим иргэнээ вакцинд хамруулж байна. Өдөрт дунджаар 15 мянган хүн вакцинд хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 168 мянга орчим хүн вакцинд хамрагдсан байна. Энэ нь нийслэлийн 6 хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсан гэсэн үг гэж ойлгож болно. 

Цаашлаад, ирэх долоо хоногт эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулна. “AstraZeneca” вакцины хариу урвал өндөр байсан тул 65-аас дээш настай иргэдээ бусад төрлийн вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Тухайн хүний биеийн болон насны онцлогоос шалтгаалж мэргэжлийн эмч нар ямар вакцин хийхийг зөвлөж, шийднэ. Үүний дараа залуучуудаа вакцинд хамруулна. Нийслэлд 18-25 насны 960 мянган иргэнийг тавдугаар сард багтаан вакцинд бүрэн хамруулж дуусгана.

Хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад вакцинжуулалт эхэлсэн. “AstraZeneca” вакциныг эхлээд хийж эхэлсэн. Тухайлбал, энэ өдөр хийлгэсэн Ерөнхий сайд гуравдугаар сарын дундуур 2 дахь тунгаа хийлгэх ёстой байсан. Гэхдээ ДЭМБ "AstraZeneca” тариулсан бол хоёр дахь тунг 56 хоног буюу найман долоо хоногийн дараа хийх зөвлөмж гаргасан. Энэ хугацаанд хийснээр илүү дархлаа тогтохыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Ийм учраас эхний тунгаа хийлгэсэн иргэдэд дахин мессеж илгээн, хугацааг товлоно" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.