Зөвлөлт-Монголын сансрын ХАМТАРСАН НИСЛЭГИЙН ОЙГ тэмдэглэж байна

Зөвлөлт-Монголын сансрын ХАМТАРСАН НИСЛЭГИЙН ОЙГ тэмдэглэж байна

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан "Хүн, эх дэлхий, сансрын уудам" сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслолыг шууд дамжуулан хүргэж байна. 
 


Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, үнэлгээг үндэслэн нийслэл хотноо бэлэн байдлын гуравдугаар түвшинд шилжсэн байгаатай холбогдуулан Улаанбаатар дахь “Русский Дом” (хуучнаар ОШУСТ)-д болох ёслолын үйл ажиллагаанд ЗӨВХӨН дараах хүндэт зочид оролцож байна. 

Оросын талаас

  • ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Искандер Кубарович Азизов
     
  • ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, “Русский Дом в Улан-Баторе” –ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев
     
  • ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн ба цэргийн нисэх хүчний атташе Павел Григорьевич Анисов

Монголын талаас

  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
     
  • МАН-ын дарга У.Хүрэлсүх
     
  • Батлан Хамгаалахын сайд, ойг зохион байгуулах комиссийн дарга, бригадын генерал Г.Сайханбаяр
     
  • БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан
     
  • ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр
     
  • НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан
     
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар
     
  • ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл

Энэ үеэр сансрын нисэгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаад “Улаанбаатар хотын Хүндэт иргэн”-ий тэмдэг гардуулж, өргөмжиллөө. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч Майдоржийн Ганзориг, түүний гэргий Ц.Ломбо, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын сансрын багийн гишүүн С.Сайнцог нарт “Хангарди” одон гардууллаа.

Монгол хүн сансарт ниссэн өдөр төрсөн Монгол Улсын 172 иргэнээс 62 нь нийслэл хотноо ажиллаж, амьдардаг аж. Тэдгээрийн төлөөлөл таван иргэнд нийслэлийн НИТХ-аас хүндэтгэл үзүүллээ. 

Үргэлжлүүлэн "Хүн-эх дэлхий-сансрын уудам" сэдэвт Орос, Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болох бөгөөд энэ үеэр Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансрын нисэгч Ж.Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулах юм. 

Мөн ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков цахимаар холбогдон, мэндчилгээ дэвшүүлэх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.