Ж.Ганбаатар гишүүн уучлалт хүсч, нэрээ татлаа
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үдээс хойш “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдав. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар ам зөрөлдсөн билээ.
Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уучлалт хүсч, нэрээ татсан талаар мэдэгдлээ.
Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татлаа.
Юуны өмнө өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд маргалдаж, ёс зүйгүй байдал гаргасан талаарх мэдээлэл олон нийтэд цацагдсан явдалд хүлцэл өчье.
Шүүхийн тухай хууль болон холбогдох журмын зохицуулалтаас харахад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн орж болохгүй гэсэн хязгаарлалт байхгүй.
Тэр ч утгаараа намын бүлгээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн орж болно гэж үзээд, тэр тусмаа Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш төлөөлөл оруулж хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг зарчим баримтлан миний нэрийг дэвшүүлсэн.
Миний бие өөрийн санаачлагаар ажлын хэсэгт оръё гэсэн хүсэл зориг илэрхийлээгүй байтал бүхэл бүтэн шүүх засаглалыг нөлөөлөлдөө оруулж, арилжаа наймааны хэрэгсэл болгохоор улайрч байгаа мэтээр хувь хүн рүү чиглэн дайрч, хэт улс төржсөн, зөвхөн өөрөө орох ёстой гэсэн хувийн сэдлээр асуудалд хандсан учраас үзэл бодлоо илэрхийлсэн болно.
Түүнчлэн олон жилийн хөдөлмөр, зүтгэлээр баялаг бүтээж, ажлын байр бий болгож, улсдаа татвараа төлж шударга хөдөлмөрлөсөн бизнес эрхлэгч нарыг наймаачин, хулгайч гэж цоллож, харлуулж байгаад тэдний төлөөллийн хувьд харамсаж байна.
Хувийн зорилгоо биелүүлж, өөрийгөө дөвийлгөхийн тулд баялаг бүтээгчдийг төрөөс төрсөн хөрөнгөтөнгүүдтэй адилтгаж, тэдэн рүү дайрч давшлахаар зөвддөг гэсэн ойлголт байж болохгүй!
Тэглээ гээд дуугаа хураадаг, бууж өгдөг юм биш!
Иргэд, олон нийт шударгаар бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд дургүй биш, харин татвар төлөгчдийн мөнгөөр хөлжсөн, төрөөс хулгай хийсэн хүмүүст дургүй шүү гэдгийг сануулж хэллээ" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.