О.Бат-Өлзий: Бидэнд маш баялаг түүх бий, түүгээр олон сор бүтээл хийж болно.

О.Бат-Өлзий: Бидэнд маш баялаг түүх бий, түүгээр олон сор бүтээл хийж болно.

“Байтаг богд”, “Маш нууц”, “Зүрхэнд шивнэсэн үг” зэрэг уран сайхны киноны Ерөнхий найруулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Осорын Бат-Өлзийтэй ярилцлаа. “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” зэрэг кинонд тоглож, залуу насаа дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн ард түмний хайртай жүжигчин тэрээр ТВ8 телевизийн бүтээл "Ардын журамт цэргийн мөрөөр" түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эрхэм шүүгчээр ажиллаж байгаа билээ. 


-Таны цэл залуу насыг мөнхөлсөн,  жүжигчний замнал руу орсон алтан он жилүүдээ эргэн дурсвал?

-1981 онд Цэргээс халагдаж ирээд, Улсын хүүхэд, залуучуудын театрт шалгалт өгч, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлж байлаа. Театртаа 16 жил ажилласан. Тэр үед Драмын театр, Улсын хүүхэд, залуучуудын театр гэсэн хоёр театр байдаг байсан. Уран бүтээлийн цагаан өрсөлдөөн ихтэй он жилүүд байлаа. Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат жүжигчин Ц.Готов, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн гээд луугар уран бүтээлчтэй хамтарч, нэг тайзан дээр ажиллаж байлаа. Миний үеийнхнээс гэвэл Ц.Төмөрбаатар, Л.Нямсүрэн, Н.Зориг, Б.Туяа, Б.Батзаяа, Ц.Цолмон, Ж.Сүххуяг, Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд шижигнэсэн залуус өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байлаа даа. Сайн ч уран бүтээл төрдөг байлаа. Энэ үед Дарханы театраас шуугиан тарьсан авьяаслаг найруулагч И.Нямгаваа шилжиж ирсэн л дээ. Тэр хүний нүдэнд нь өртөж, нэлээн хэдэн бүтээлд нь оролцож байснаараа бахархаж явдаг. Харамсалтай нь, 1990-ээд оны сүүлээр театрыг маань хувьчилж аваад, байхгүй болгочихсон.

-Таны аав бол Гавьяат жүжигчин У.Осор гуай. Хүү тань ч кино урлагийн ертөнцөд цахиур хагалж яваа. Удам дамжсан урлагийн хүмүү. Ааваасаа өвлөсөн нандин дурдатгалаа хуваалцвал?

-Манай гэрт урлаг буцалж байсан, одоо ч хэвээрээ. Аав минь Драмын театраас "Монгол кино" үйлдвэрт очсон. “Монгол кино” үйлдвэрийн орчуулгын жүжиг ангид ажиллаж, орос кинонд дуу оруулж байгааг нь харж өслөө. Д.Чимэд-Осор, Р.Дамдинбазар, Н.Дагийранз гуай, Д.Элбэгсайхан ах нарын хамт ажилладаг байлаа. Би ажил дээр нь хоол бариад л очно, тэд ч манай гэрээр их орж, гарна. Тэр бүхнээс л урлагийн хүн болох суурь минь тавигдсан гэж боддог. Манай ах нар балетчин, уран дархан, эгч нар  төгөлдөр хуурын концертмейстер, зураач гээд бүгд л урлагийн хүмүүс дээ.

Бид багаасаа л уран зохиолын номтой нөхөрлөж өссөн. Нэг нь уншиж дуусахад бид залгаад л уншдаг. Гэрээр номоор дүүрэн. Дэлхийн болон Монголынхоо сонгодог бүтээлийг уншиж, оюун ухаан, мэдлэг, мэдрэмж тэлсэн гэж боддог. Д.Намдаг, Э.Оюун, С.Эрдэнээс эхлээд л гадаадын том том зохиолчдыг уншаад ирэхээр төсөөлөн бодох чадвар нэмэгдэж, дүрүүд нь ялгарч харагддаг байлаа. Энэ бүхэн жүжигчин болоход бэлдэж байж дээ.

-Жүжигчин хүн найруулагч болох, тэр тусмаа эх оронч түүхэн сэдэвтэй бүтээл хийх хүсэл эрмэлзэл, учир шалтгааныг ухвал?

-Миний хувьд 2001 оноос кино найруулж үзсэн л дээ. Найруулагчийн сургуулийг нь ч төгсөөгүй, амьдралын хар ухаанаар л хийдэг. 1981 оноос театрт ажиллаж эхлэхдээ И.Нямгаваа, Л.Лхаасүрэн, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, Б.Баатар нарын хамаг л сайн найруулагчтай ажиллаж, муу, сайнаа хэлүүлж, нухуулж, элдүүр минь ханасан гэж өөрийгөө боддог. Найруулагч бүхэн өөр өөрийн гэсэн ааш араншинтай, түүнд нь тохируулж өөрийгөө илэрхийлээд сурчихдаг. Бараг л харцнаас нь уншиж, арга барилаас нь суралцаж ирсэн. Төрийн соёрхолт зохиолч Д.Норовын зохиол “Мөнхийн дуудлага” туужийг кино болгоё гэсэн бодол тээж явж байгаад, 2000 он гараад “Зүрхэнд шивнэсэн үг” нэртэй кино хийж байсан. Түүнээсээ маш их урам авч, одоо болтол найруулагчаар ажиллаад явж байна.

Орчин үед гэр бүл, хайр дурлал, найз нөхөрлөлийн тухай кино хийдэг хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс нь хийг. Миний эмзэглээд байдаг, үгүйлэгдээд явдаг орон зай бол тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлэх чин эрмэлзэл байдаг. Түүнийг уран бүтээлээр дамжуулж хүргэх хүсэл маань хэзээ ч унтарч байгаагүй. Хүү маань ч өсөж, эрийн цээнд хүрлээ. Хүүгээ дагуулаад олон кино хамтарч найрууллаа. Үзэгчдийн хандлагыг ажиглаад байхад өнөөгийн залууст үлгэрлэн дуурайх баатар хэрэгтэй байдаг юм байна. Бидний хийсэн кинонуудаас Тэгшээ шиг, Даваадорж шиг, Гиваан шиг баатрууд үйл хэргээрээ залуусыг үлгэрлэн дагуулж эхэллээ.

-Таны гэргийг Ардын жүжигчин С.Сарантуяа гэдгийг ард түмэн андахгүй. Уран бүтээлч хүний хувьд заримдаа санал зөрөлдөх үе байдаг уу?

-Байлгүй яах вэ. Ажил дээрээ ч, ар гэртээ ч дүр дээр ажиллах зохиолын зорилго, жанжин шугамыг ярьдаг л даа. Нэгнийгээ сөрнө, няцаана, дэмжинэ, урам өгнө тэгж байж зөв гаргалгаа гардаг.  Сөрсөн асуулт тавьж байж зохиолын шалтаг шалтгааныг нь нэхдэг. Зөрчил байхгүй бол ус шиг л бүтээл гарна. Миний хань мундаг, болж байна гээд магтаад байвал тэр чинь хор болж буй хэрэг. Гэр дотроо нэлээн шүүлтүүр хийнэ. Хүү маань ч орж ирж, санал нэмэрлэнэ. Орчин үеийн залуусын сэтгэлгээ, зураг авалтын өнцөг, план нь өөр. Түүн дээр мань мэтийн хуучцуудын хашир ухаан сүлэлдээд ирэхээр тун нь сайхан таардаг болов уу.

-Урлагийн хүмүүсийг гэрийн бараа хардаггүй л гэдэг. Хоёулаа урлагийн хүн болохоор ар гэр, үр хүүхдийг яаж зохицуулж байв даа?

-Манайх гурван хүүхэдтэй. Манай том хүү дөрвөн ойтой байхад хоёр ихэр маань төрж байлаа. Манай эхнэр амаржаад ихэр хүүхэд төрүүлсэн учраас 70 гаруй хоног чөлөө аваад л ажилдаа орж байсан. Нэг хүүхэд төрүүлвэл 50 хоног чөлөө өгнө. Дөрвөн настай ахад нь хоёр ихрийг үлдээгээд л ажилдаа явдаг байлаа шүү дээ. Театр, гэр хоёр хоорондоо ойрхон учраас эхнэр маань хүүхдээ хөхүүлээд л гүйдэг байлаа. Бас хоёр театрын сул чөлөөтэй байгаа жүжигчид гэрт очиж, хүүхэд харах, хооллох жишээтэй. Манай гэрийн түлхүүр хэн нэгний халаасанд л явж байдаг байлаа шүү дээ. Хавар, намартаа Драмын театр зүүн аймаг руу гарахад, Хүүхэд залуучуудын театр баруун аймгууд руу томилолтоор явна. Урлаг соёлын ажил тийм нижгэр, өргөн далайцтай ард түмэнд хүрдэг байлаа. Гэрт хэдэн хүүхэд хараад өвөө, эмээ нь үлдэнэ.

-Та ТВ8 телевизээр гарч буй түүхэн сэдвээр хийгдсэн “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа. Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?

-“Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах санал ирэхэд хөнгөн жанрын, хөгжөөнтэй, энтертайнмент нэвтрүүлэг байх даа гэж бодож байсан. Ардын армийн 100 жилийн ойд зориулаад түүхэн сэдэвтэй шоу хийж байгаа нь маш их таалагдсан. Би өөрөө түүх бага зэрэг сонирхдог учраас надад ойр санагдсан. 1921 оны хувьсгалт тэмцэлд тэр үеийн залуучууд эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан оролцож байсан нь одоогийн залууст маш сонин шүү дээ.

Тайзан дээрээс 100 жилийн өмнөх амьдралыг харна гэдэг надад маш сонирхолтой санагдсан

Маш ойлгомжтой, уран бүтээлч хэлбэрээр түүхээ залуустаа ойлгуулах ач холбогдолтой нэвтрүүлэг болж байгаад сэтгэл өндөр байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.