Хууль зөрчсөн "М-Си-Эс Кока Кола" ХХК-ийг 1.2 тэрбум төгрөгөөр торгожээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.03.17/ мэдээлэл хийж байна.
ШӨХТГ-аас 2018 оны наймдугаар сард “Моннидер” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу “М-Си-Эс Кока Кола” ХХК, “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК-иудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хоёр зөрчил илрүүлжээ.
Нэгдүгээрт, “М-Си-Эс Кока Кола” ХХК нь “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-тай тус тусад нь худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байжээ. Уг гэрээнд “М-Си-Эс Кока Кола” ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн саналыг дээрх сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН эрхлэгчдэд хүргүүлж, жижиглэнгийн үнийг дагаж мөрдөхөөр тохиролцсон байна.
Хоёрдугаарт, “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК-тай сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гуравдагч этгээдэд “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн ус, ундаа, жүүсийг гэрээнд заасан үнээс хямд нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан компаниудаас бусад аж ахуйн нэгж байгууллагуудад “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн ус, ундаа, жүүсийг хямд борлуулахгүй байх үүднээс ийнхүү гэрээ хийсэн байна.
Гэрээ байгуулснаараа дээрх компаниуд Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т тус тус “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” хэмээн заасныг зөрчжээ.
Иймд ШӨХТГ-аас 2018 оны наймдугаар сард "М-Си-Эс Кока Кола" ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн, "Номин тав трейд" ХХК-д 67.8 сая, Скай хайпермаркет" ХХК-д 11.6 сая, "Моннидер" ХХК 11.9 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "М-Си-Эс Кока Кола” ХХК нь хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөлгүй явсаар 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар ШӨХТГ-ын улсын байцаагчдын оногдуулсан 1.2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Цаашид бусад аж ахуйн нэгжүүд мөн дээрх алдааг гаргаж, хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна" гэв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.