Гурван хувийн хүүтэй 100 сая төгрөг хүртэлх зээл олгох төсөл боловсруулжээ
УИХ дахь АН-ын зөвлөлөөс өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар оролцов. Тэд мэдээллийнхээ эхэнд эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон талаараа хэллээ. Учир нь, өнгөрсөн амралтын өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулж, парламентад өргөн барихаар болжээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж коронавирусний улмаас үүсээд буй асуудлын талаар ярилцлаа. Өнгөрсөн бямба гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо анх удаа мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлаар цахимаар хуралдлаа. Мөн Үндсэн бодлогын хорооноос УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөмж, чиглэл өглөө. Энэ дагуу АН-ын зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслийг боловсруулан өргөн барихад бэлэн болоод байна. Шинэ төрлийн коронавирусний улмаас Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Бид 18 хоногийн өмнө Ерөнхий сайдад тодорхой саналуудыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу алга” гэв.
Түүнчлэн “Хуулийн төслийн тухайд 2020 оны төсвийн тухай хуульд 2020-2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж, хэмнэсэн 355 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 сая хүртэл төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох. Арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, ААН-ийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл юм” хэмээн ярилаа.
Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Энэ хуулийн төслийн хамгийн гол санаа нь ажлын байрыг хамгаалахад чиглэсэн. Арилжааны банкиуд эх үүсвэрээр жилийн 17-19 хувийн хүүтэй зээл авсан ААН-ийн зээлийг шууд гурван хувийн хүүтэй зээлээр солих хуулийн төсөл юм. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкнаас коронавирусний дэгдэлт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хасах 0.74 хувиар доош чангаах нь гэдэг тооцоо гаргасан. Тиймээс Засгийн газар эдийн засгийн оновчтой, ухаалаг, хамгаалалтын төлөвлөгөөтэй баймаар байна. Коронавирусээс хамгаалах эрүүл мэндийн арга хэмжээг хэтэрхий их анхаарч, эдийн засгаа орхигдуулж болохгүй. Эрүүл мэнд, эдийн засгийн арга хэмжээг зэрэгцүүлж авч явахгүй бол бид эдийн засгаа сэргээх гэж маш удаан хугацаа шаардагдана гэдгийг анхаарах хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, түрээсийн орлого, зээлийн хүүг тодорхой хугацаанд төлөхөөс чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь зөв. Гэхдээ энэ бүх арга хэмжээ нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирэх дарамтыг хөнгөлөх биш тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа учраас зээлийн хүүг бодитоор бууруулах арга хэмжээ авах нь энэ цаг үед оновчтой шийдэл юм” гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.