Коронавируст халдварын улмаас эхийн эндэгдэл нэмэгджээ

АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Мөнхцэцэг “COVID-19” халдвар ба жирэмслэлт, төрөлт, төрсний дараах тусламжийн талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Лансет” сэтгүүлд мэдээлснээр, коронавирусний халдварын улмаас дэлхий дахинд эхийн эндэгдэл 30 мянгаар нэмэгдсэн. Цар тахлаас өмнө 168 200 байсан бол дараах үзүүлэлтээр эхийн эндэгдэл 198 мянга болсон. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл гутрал их байна. Цар тахлын өмнө 2300 байсан бол цар тахлын үед 6500 болж нэмэгдсэн. Төрсний дараах хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал амаржсан эхчүүдийн 80 хувьд илэрдэг байсан бол жирэмсэн үед ч сэтгэл гутрал илэрч байгаа юм. Энэ нь цаашид төрсний дараах сэтгэл түгшилд хүргэх магадлалтай тул анхаарах нь зүйтэй" гэв.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эх болон амаржсан эхэд халдвар илэрсэн 200 орчим тохиолдол гарсан байна.
Тэрбээр, "ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн болон амаржсан 98 эхийг судлахад 50 хувь нь уушгины хатгалгаатай байна. Одоогоор хоёр нярайд халдвар илэрсэн. Мөн “COVID-19”-ийн улмаас жирэмсэн болон амаржсан 119 эх төрөх тасгуудад эмчлүүлж байна. Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдэд коронавируст халдвар хурдацтай тархаж байгаагаас гадна “COVID-19”-тэй холбоотой эхийн эндэгдэл ч тохиолдлоо. Иймд онцгой анхаарал тавих шаардлагатай байна” гэв.
Мөн тэрбээр жирэмсэн эхчүүдийн дунд таргалалт их байгаагаас гадна артерын даралт ихсэх, ахимаг насандаа төрөх, чихрийн шижинтэй байгаа зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг тодотгосон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.