МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийлээ.

Ардчилсан нам дотоод асуудлаа төрийн байгууллагаар шийдүүлэх байдлаар асуудалд хандаж болохгүй хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдэгдэв. 

Монгол Улс ардчилалд шилжээд 31 жил болж байгаа бөгөөд парламентын засаглалтай улсад ямарваа нэгэн дарангуйлал тогтоно гэсэн ойлголт байхгүйг тэрбээр мэдээллийнхээ үеэр онцлов. Тухайлбал, 2012-2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын олонх нь АН-ын гишүүд байсныг онцлоод, тухайн үед дарангуйлал гэдэг ойлголт байгаагүйг онцлов. Тэрбээр, "Өнөөдөр АН-ынхан 30 жилийн өмнө Д.Сүхбаатарын тайлбайд өлсгөлөн зарлаж байсан шиг хуучин технологиор улс төр хийх нь зохимжгүй. Жагсахдаа хүрвэл бид ч жагсаж чадна. АН-ын залуус намаа цэвэрлэж, ахмадууд нь зайгаа тавьж өгөх  хэрэгтэй. Монгол Улсад улс төрийн намын хөгжил, төлөвшил чухал байна. Үүний төлөө МАН манлайлан ажиллана" хэмээв. Жагсаж болох ч олон хүний амь эрсэдсэн, цар тахлын хүндрэлтэй байгаа энэ үед 26 хоногийн хөл хорионы дэглэмийг үр дүнгүй болгож болохгүйг тэрээр санууллаа. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Халдварын нөхцөл байдал буурахгүй байгаа энэ үед хэвлэлийн хурал зарлахаас өөр аргагүйд хүрсэнд хүлцэл өчиж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэг хүн нэр дэвших учиртай. Гэтэл хоёр хүн нэр дэвшүүлчихээд төрийн байгууллага, аль нэг улс төрийн хүчин тухайн асуудлыг нь шийдэж өг гэсэн байдлаар хандах нь зохимжгүй. Анхнаасаа нэг хүнээ сонгох хэрэгтэй байсан юм. Тэгсэн бол хөл хорионы бүх дэглэмийг зөрчиж халдвар тараах эрсдэл үүсгэх нөхцөл бий болохгүй байлаа. Ерөнхийлөгчид нэр дэвших нэг хүнээ тодруулж, нам дотроод учраа олохыг зөвлөж байна. Та бүхний хоорондын маргааныг төрийн байгууллагаар шийдүүлэх ямар ч шаардлага байхгүй. АН-ын гишүүд  дарангуйллын тухай ярьж байна. МАН бол харин ч дарангуйллын эсрэг явж байгаа. Хүссэнээ тулган шаарддаг байсан үе саяхан. Хууль гэж байна, түүнийг хүн бүр дагаж биелүүлэх ёстой. Тэр тусмаа хууль тогтоодог УИХ-ын гишүүд илүү баримтлах хэрэгтэй" хэмээсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.