АНУ-д коронавирусний вакциныг хүн дээр туршиж эхэлжээ

АНУ-д коронавирусний вакциныг хүн дээр туршиж эхэлжээ

МОСКВА. /RIA Novosti/.  АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн коронавирусний вакциныг хүн дээр туршиж эхэлснээ мэдэгдлээ. Туршилтад оролцсон сайн дурынхны биеийн байдлыг жилийн турш ажиглах ажээ.

Тус хүрээлэнгийн эрдэмтдийн мэдээлснээр, туршилтад сайн дураар оролцох 45 хүнийг сонгож авсан бөгөөд тэдэнд 28 хоногийн зайтай хоёр вакцин ижил тунгаар тарина. Харин тун нь өөр өөр байх бөгөөд 25, 100, 150 микрограмм байна. Энэхүү судалгаагаар туршилтын вакцины аюулгүй байдал, дархлааны хариу урвалыг өдөөх чадвар, мөн хамгийн оновчтой тунг тодорхойлох ажээ.

“мРНК-1273” гэж нэрлэсэн вакциныг АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд Массачусетс муж улсын Кембриж хотод байрладаг “Moderna” биотехнологийн компанитай хамтран гарган авсан байна.

Сиэтл хот дахь “Kaiser Permanente Washington” хэмээх Эрүүл мэндийн хүрээлэнд хийгдэх эмнэлзүйн туршилтын эхний үе шат нь уг вакцины аюулгүй, үр дүнтэй эсэхийг шалгах урт хугацааны үйл явцын зөвхөн эхлэл гэдгийг эрдэмтэд тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.