Тайванийн Нордхоффын сангаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав.
Тайванийн Нордхоффын сангаас эмнэлгийн бээлий, нүүрний хаалт зэрэг нийт 15 мянган ам.долларын өртөг бүхий халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгөв.
Одоогоор, тус төвд коронавирусээр халдварласан хүүхэд багачуудыг хүлээн авч, эмчилж буй. Эмнэлгийн ачаалал их байгаа энэ үед эдгээр халдвар хамгааллын хэрэгсэл тус төвийн галын шугаман дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах, цар тахлыг хурдан хугацаанд даван гарахад зохих хувь нэмрээ оруулах юм.
Тайванийн төлөөлөгчийн газарт энэ сарын 28-нд цахимаар зохион байгуулсан хандив гардуулах ёслолд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн гүйцэтгэх захирал Ч.Дуламрагчаа, ерөнхий зохицуулагч н.Солонго, Мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга болон их эмч Б.Эрдэнэцогт нар оролцов.
Их эмч Б.Эрдэнэцогт Монголын талыг төлөөлж хэлсэн үгэндээ, “Тайванийн Нордхоффын сангаас өнгөрсөн онд амны хаалт болон бусад халдвар хамгааллын хэрэгсэл, энэ онд манай хамт олонд дахин халдвар хамгааллын хэрэгсэл хандивлаж буйд гүнээ талархаж байна. Эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчид өвчтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах шаардлага тулгардаг. Эдгээр халдвар хамгааллын хэрэгслийн тусламжтай манай хамт олон сэтгэл амар ажил үүргээ гүйцэтгэхэд ихээхэн тус дэм хүргэх юм. Тайваньд халдварын тархалт улам эрчимжиж байгаа тухай бид саяхан сонссон. Тайвань мэргэжил нэгтнүүд маань ч мөн бидний адилаар өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хамгаалан ажиллан, Монгол, Тайвань хоёр орон цар тахлын аюулыг богино хугацаанд даван гарч, хэвийн амьдралын хэв маягтаа удахгүй шилжин орно гэж найдаж байна” гэв.
Тайванийн Нордхоффын сангийн гүйцэтгэх захирал Чэнь И Лин, “Тайваньд сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ дэлхийн улс орнуудын “Ковид-19”-ийн нөхцөл байдал ч хувьсан өөрчлөгдсөн хэвээр байна. Тухайлбал, өнгөрсөн 4-р сараас эхлэн Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд энэ нь хүмүүсийг маш ихээр түгшээсэн. Тайваньчууд ч бас цар тахлын аюул, хор хөнөөлийг мэдрэх болсон. Хэрэв дэлхийн улс орнууд цар тахлын нөхцөл байдлыг хяналтдаа бүрэн авч чадахгүй бол Тайвань ч мөн дэлхийн улс орнуудаас саланги тусдаа оршихгүй билээ. Дэлхийн улс орнууд хамтдаа гар нийлэн цар тахлын эсрэг тэмцсэнээр энэхүү хүнд бэрх давааг даван туулж чадна” хэмээв.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ, “Тайванийн Нордхоффын сан болон Чан Гэн эмнэлгийн хамтарсан баг 2009 оноос хойш нийт 10 гаруй удаа Монгол оронд хүрэлцэн ирж, сайн дурын эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн. Монгол орны хүүхэд багачуудад уруул тагнайн сэтэрхий нөхөх мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэн, ЭХЭМҮТ-ийн уруул тагнайн сэтэрхий нөхөх эмчилгээний багийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн билээ. Одоогоор уг эмч нарын мэргэшсэн баг нь жилд дунджаар 450 гаруй хүүхдэд уруул тагнайн сэтэрхий нөхөх мэс ажилбар хийдэг болсон. Эдгээр байгууллагын хамтын ажиллагааг Тайвань, Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны амжилттай, сайн жишээ гэж хэлж болно. Тайвань, Монгол оронд дотоодын халдвар газар авч, хүнд сорилттой тулгараад байгаа бөгөөд эмнэлгүүд нь цар тахлын эсрэг тэмцэх галын эхний шугам болоод байна. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд Тайвань, Монголын томоохон эмнэлгүүд цахим хэлбэрээр хамтын ажиллагаагаа өрнүүлэн, цахим сургалтууд зохион байгуулж байна. Тайванийн Засгийн газраас амны хаалт, халдвар хамгааллын хэрэгсэл, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг эмнэлгийн хэрэгслийг Монголын эмнэлгүүдэд хандивласан. Энэ удаад Тайванийн Нордхоффын сангийн эмч нарын баг хүрэлцэн ирэхэд хүндрэл гарсан хэдий ч “Тайваньчууд тусалж чадна” хэмээх үзэл санаагаа батлан харуулж, Монгол анд нөхөддөө цар тахлын эсрэг тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьжээ” хэмээв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.