“Бамбарууш” кафег есдүгээр сараас дахин ажиллуулна

“Бамбарууш” кафег есдүгээр сараас дахин ажиллуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хүүхэд залуусын хөгжилд зориулж барьсан барилга байгууламжийг зориулалтын журмаар ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдэх талаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд эзэмшил нь хувийн хэвшлийн мэдэлд очсон барилга, байгууламжийг анх байгуулсан зориулалтаар нь ашиглах тохиолдолд үйл ажиллагааг нь дэмжих аж. Тухайлбал, социалист нийгмийн үед хүүхэд залуусын үйлчлүүлэх дуртай байсан “Бамбарууш” кафег эзэмшигч аж ахуйн нэгж анхны зориулалтаар нь ашиглахаа Засгийн газарт мэдэгджээ. Тус кафе есдүгээр сарын нэгнээс рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.

Түүнчлэн, хуралдаанаар Монголын хүүхэд залуусын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах боломж олгох зорилгоор Хүүхэд залуусын театрыг дахин байгуулах тухай хэлэлцжээ.

Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд залуусын театрт шилжүүлж үйл ажиллагаа явуулахыг хэлэлцсэнийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.