Европын холбоо Беларусийн онгоцуудад агаарын орон зайгаа хаалаа

Европын холбоо Беларусийн онгоцуудад агаарын орон зайгаа хаалаа

Европын холбоо өчигдөр оройноос эхэлж Беларусийн нисэх онгоцуудад агаарын орон зайгаа бүрэн хаахаар болсон байна. Энэхүү шийдвэрийг гишүүн орнуудын Элчин сайд нар харилцан тохиролцон гаргасан гэж Европын холбооны зөвлөлийн албан ёсны мэдэгдэлд мэдээлсэн байна.

Ингэснээр Брюселийн болон Европын холбооны гишүүн орнуудын агаарын орон зайн бүсэд Беларусийн нисэх онгоцууд нислэг үйлдэх боломжгүй болж байгаа төдийгүй Европын орнуудын нисэх буудлуудад газардах боломжгүй болох юм байна.

Үүнээс гадна Европын холбооноос гишүүн орнуудынхаа авиа компаниудад хандан онгоцуудаа Беларусийн агаарын орон зайд нисгэхийг хориглосон байна. Европын агаарын навигацийн аюулгүй байдлын албаны өгсөн мэдээллээр, өдөр бүр Беларусийн агаарын орон зайд Европын холбооны болон Их Британийн авиа компаниудын ойролцоогоор 100 онгоц нэвтэрч нислэг үйлддэг гэсэн байна.

Беларусийн "Белавиа" авиа компани өмнө нь мэдээлэхдээ тус улс руу хийгддэг нислэг ердийнхөөсөө хоёр дахин буурсан гэсэн байна. Одоогоор 21 улс руу хийх нислэг зогсоод буй аж. Парис болон Лондон Беларусийн нисэх онгоцуудыг агаарын зайдаа оруулахаас татгалзаад байна. Түүнчлэн "Эйр Франс-КЛМ", "Лувтханса", "Финнэйр", "САС", Сингапурын авиа компани, Японы "АNA" авиа компаниуд Беларусийн агаарын орон зайд нислэг хийхээс татгалзаад байна.

Евро хяналтын газраас өгсөн мэдээллээр өнөөдрийг хүртэлх хугацаанд Беларусиар дамжин ниссэн нислэгүүдийн тоо долоо хоног бүр 2500 байсан байна. Харин цар тахлаас өмнө энэ тоо хоёр дахин их байжээ. Эдгээрийн 80 гаруй хувь нь дамжин өнгөрөх нислэгүүд байсан аж.

Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Беларусийн онгоцуудыг Европын гишүүн орнуудын агаарын зайд нэвтрүүлэхийг хаахаар тохиролцоонд хүрсэн юм. Энэ нь "Ryanair" авиа компанийн онгоцыг хуурамч мэдээлэлд үндэслэж Минскт төлөвлөгдөөгүй буулт хийлгэсэн явдлын хариу арга хэмжээ гэж онцолж байгаа юм.

Тус онгоцонд Беларусийн сөрөг хүчний гэгддэг сэтгүүлч Роман Протасевич зорчиж явсан юм. Онгоц Минскэд газардсан даруйд түүнийг баривчилсан төдийгүй хамт явсан түүний найз бүсгүй, ОХУ-ын иргэн Софья Сапегаг ч мөн баривчилж саатуулан хорьсон явдал гарсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.