Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өнөөдөр "Глобал иннова" дунд сургуулийн байранд байрлах санал авах хэсгийн хороонд очиж Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө.
Энэ үеэр тэрбээр, "Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүллээ. Энэ удаагийн сонгууль хоёр онцлогтой болж байна. Нэгдүгээрт, цар тахлын амаргүй нөхцөлд, зардал багатай, харьцангцуй тайван сонгууль болж байна. Өмнөх сонгуультай харьцуулбал бүх хэсгийн хороонд ирц өндөр хувьтай байгаа юм байна. Иргэд төрийн тэргүүнийхээ сонгуульд хариуцлагатай хандаж байгаагийн тод илрэл, талархал илэрхийлье. Хоёрдугаарт, Монгол Улс 1992 оноос ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилээр нэг удаа сонгох гэж байна" хэмээн онцолсон юм.
Ташрамд дурдахад, Ерөнхий сайдын санал өгсөн Баянзүрх дүүргийн 25,26 дугаар хорооны нэгдүгээр хэсгийн санал авах байранд сонгуульд оролцох 2636 сонгогчийг нэрсийн жагсаалтад бүртгэжээ. Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 17 хувь нь саналаа өгөөд байна. Мөн тухайн хэсгийн хороонд зөөврийн саналын хайрцгаар 15 хүн саналаа өгчээ. Тус хорооны сонгогчдын дийлэнх нь 40-44 насныхан байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.