Япон, Австрали аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.
Япон, Австралийн Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар БНХАУ далайн тэнгис дэх үйл ажиллагаагаа улам нэмэгдүүлж буй санаа зовниж буйгаа илэрхийлээд, аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Киши Нобүо, Австралийн Гадаад хэргийн сайд Мариз Пейн, Батлан хамгаалахын сайд Питер Даттон нар “2+2” хэлбэрийн уулзалтыг лхагва гарагт цахимаар хийсэн юм.
Уулзалтын эхэнд М.Тошимицү, “Статус квог өөрчлөх гэсэн нэг талыг баримталсан оролдлогуудын улмаас Энэтхэг, Номхон далайн бүсэд стратегийн өрсөлдөөн улам эрчээ авч буйтай холбоотойгоор олон улсын дэг журам томоохон сорилттой тулгарч байгааг онцлоод, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн К.Нобүо үндсэн үнэт зүйлс, стратегийн ашиг сонирхолтой орнууд хүчин чармайлтаа урьд хожид байгаагүйгээр нэгтгэх шаардлагатай байгааг хэлэв. Түүнчлэн Энэтхэг, Номхон далайн бүсэд энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд Японы Өөрийгөө хамгаалах хүчин, Австралийн Зэвсэгт хүчин хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Хоёр орны сайд нар мөн Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын үйл ажиллагаа эрчимжиж буйд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн талууд Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын ач холбогдлын талаар санал нэгдсэн байна. Түүнчлэн хоолой дамнасан асуудлуудыг тайван замаар шийдвэрлэхийг бүх талуудад уриална гэдгээ мэдэгджээ.
Токио, Канберрагийн засаг захиргаа батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх чиглэлд Австралийн Зэвсэгт хүчинг 2016 оноос хүчин төгөлдөр болсон Японы аюулгүй байдлын хууль тогтоомжийн хүрээнд Өөрийгөө хамгаалах хүчний хамгаалалтад байх гадаадын цэргийнхний жагсаалтад оруулахаар болжээ.
Мөн хоёр орны төлөөлөгчид Өөрийгөө хамгаалах хүчин, Австралийн Зэвсэгт хүчин хамтран сургуулилалт хийх, гамшгийн тусламжийг илүү үр дүнтэй үзүүлэх зэргийг тусгасан шинэ хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.