Үерийн устай холбоотойгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

Үерийн устай холбоотойгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

Улаанбаатар хотын төвөөр урсах Дунд гол үерлэж, ус зайлуулах хоолойг давсан тул нүхэн гарцууд усанд автаад байгаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Ингэснээр усны түвшин тодорхой түвшинд багассан ч Арслантай гүүрний урд хэсэгт  барилгуудын сууринд эрсдэл үүсэж байна. Мөн “Хан хиллс”, “Маршал таун” зэрэг хотхон үерт автах судалгаа гарсныг мэргэжлийн байгууллагаас анхааруулжээ.

Засаг дарга Д.Сумъяабазар “Олон улсын байгууллага 2017 онд бороо ихтэй жилийн судалгаа гаргаж, нийслэл үер усны аюул ойрхон байгааг хэлж байсан. Энэ бороо зам, нүхэн гарцын инженерийн шийдэл, ус зайлуулах хоолой, тэдгээрийн тооцоо, судалгаа нь стандартад нийцсэн эсэхэд дүн тавилаа. Нийслэлийн замууд борооны ус зайлуулах хоолойгүй нь иргэдийн амь нас, аюулгүй байдалд нөлөөлж, гамшгийн нөхцөл байдлыг үүсгэлээ. 2-3 хоног бороо ороход ийм нөхцөл үүсэж байгаа юм чинь 1966 оных шиг 14 хоног бороо орвол хот тэр чигээрээ урсах нь. Шийдэл, гарцыг инженерийн тооцоо, судалгаатай гаргая. Нөхцөл байдлыг шууд засахад нийслэлд хөрөнгө дутмаг тул урьдчилан сэргийлье. Геодези, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шууд шинэчлэх боломжгүй. Дулааны шугам, сүлжээний 76 хувь нь муудсаныг ч шийдэх бололцоогүй. УИХ, Засгийн газартай хамтарч, тулгамдсан асуудлаа шийднэ” гэжээ.   

Үерийн уснаас үүдэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд зам эвдэрчээ. Үерийн даланг зориулалтын дагуу ашиглаагүйгээс ус хальж, зам эвдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.   

Мөн нийслэлийн авто замын ачааллыг багасгах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсны хоёр нь Дунд гол дагуу  бий. Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдсэнээр тэдгээр замыг сэтэлж, үерлэсэн усыг нь багасгажээ. Одоогоор нийслэлийн холбогдох байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.