Ж.Флойдын амиа алдах мөчийг дүрс бичлэгт буулгасан охин шагнал хүртлээ.
АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөрсөн оны тавдугаар сард өнгөт арьст иргэн Жорж Флойдыг цагаан арьст цагдаагийн ажилтны гарт амиа алдах мөчийг дүрс бичлэгт буулган үлдээсэн өсвөр насны охин Пулитцерийн шагналын эзэн болжээ.
"Өдгөө 18 настай Дарнелла Фрейзерийн эр зоригийг үнэлэн энэхүү шагналыг гардуулж байна" гэж Пулитцерийн хороо мэдэгдэв. Түүний хийсэн дүрс бичлэг дэлхий даяар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөх эхлэл болсноос гадна цагдаагийн ажилтан Дерек Шовины хэргийг шүүх хурлын үеэр нотлох баримтын үүрэг гүйцэтгэсэн юм.
Мөн “Reuters” агентлаг, “Minneapolis Star Tribune” сонин АНУ дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаарх нийтлэлүүдээрээ, “New York Times” сонин, “Atlantic” сэтгүүл нь “COVID-19” цар тахлын тухай мэдээ мэдээллийг хүргэснээрээ тус тус шагнал хүртжээ. Эдгээр нь өнгөрсөн онд дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн гол сэдвүүд билээ.
Пулитцер нь Америкийн сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал бөгөөд энэхүү салбарынхаа “Оскар” хэмээн нэрлэгддэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.