Ардчилсан нам 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмжүүжин нар АН-ын Онц их хурлыг хуралдуулах үүднээс тус намын 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилга дэвшүүлжээ.
Тодруулбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн юм. Удалгүй С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаагаа илэрхийлж тус нам хоёр тал болж хуваагдсан бөгөөд тус тусын шинэ даргыг сунгаа хийж, Н.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тодруулаад байгаа билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэхдээ, “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар АН 1990 оноос хойш хамгийн бага санал авлаа. Тиймээс талцаад буй намыг нэгтгэхгүй бол цаашид ч улс төрийн хамгийн бага үзүүлэлттэй байх болно гэдгийг гишүүд дэмжигчид хэлж байгаа. Улсын дээд шүүх намын дотоод эв нэгдлээ хангах хэрэгтэй гэсэн шалтгаанаар АН-ын бичиг баримтуудыг буцаасаар байгаа. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, намын удирдлагуудыг нэгтгэх үүднээс 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна. Ингээд маргалдагч талуудыг аль алийг нь оролцуулж, нэг удирдлагатай болгох нь намын ирээдүйд туйлын чухал” хэмээв.
Мөн тэрбээр гарын үсэг зурах аянд нэгдэхийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын гишүүдэд уриалав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.