Өмнөд Солонгосын Ерөнхий прокурор асан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.
Ирэх жил Өмнөд Солонгосчууд төрийн тэргүүнээ шинээр сонгоно. Тодруулбал, Өмнөд Солонгосын өнөөгийн ерөнхийлөгч Мүүн Жэ Иний 5 жилийн бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусгавар болно.
Хуулийн дагуу ерөнхийлөгчийн албан тушаалыг хашигч сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх эрх байхгүй. Тэгвэл 2022 оны Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхлээд байна. Энэ жилийн 3 дугаар сард ерөнхий прокурорын албан тушаалаа хүлээлгэн өгсөн, улс төрийн сөрөг хүчний гишүүн Юн Сок Юл ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор зарлаад байгаа юм.
Тэрбээр өнөөгийн ерөнхийлөгчийн засаглалын хууль, шүүхийн салбарын шинэчлэлийн бодлоготой санал нийлэхгүй байгааг илэрхийлж, ажлаасаа буусан. Юн Сок Юл нь Сөүл хотод хэвлэлийн хурал зарлаж, ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарлаад зогсохгүй одоогийн ерөнхийлөгч Мүүний засаг захиргааг үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт болон бусад хэд хэдэн асуудалд буруутгасан байна.
Юн Сок Юл ард иргэд, улс эх орныхоо төлөө бүхнээ зориулна гэдгээ яриандаа онцолжээ. Сүүлийн үед түүний нэр хүнд өсч байгааг судалгаа харуулжээ. Ялангуяа тэрээр залуучуудын дунд нэр хүнд сайтай байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.